“Бодь Даатгал” ХК ногдол ашиг тараах шийдвэр

“Бодь даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2 дугаар сарын 15-ны өдрийн ТУЗ-ын хурлын №143/22/02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Бодь даатгал 2020 оны 6 сард IPO гаргаснаас хойш жил бүр ногдол ашиг тарааж байгаа бөгөөд энэ жил 1.2 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар боллоо.
2021 онд Монгол улсын инфляцийг хассан эдийн засаг 5-7%-ийн өсөлт үзүүлэх өөдрөг төсөөлөлтэй байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хүлээлтээс огцом буурч 1.4% өөрчлөлттэй гарлаа. “Бодь даатгал” ХК нь цахим даатгал, нөхөн төлбөр, оффисийн программууд, технологийн дэвшлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний үр дүнд компанийн ажилчид бүгд зайнаас ажиллах, харилцагч цахимаар даатгал хийлгэх боломж бүрдсэнээр эдийн засгийн хямралыг амжилттай давахад гол нөлөө үзүүллээ. Одоогийн байдлаар 14 даатгал, нөхөн төлбөрийн процессийн 90%-иас дээш цахим болоод байна.
Энэ онд Бодь Даатгал ХК гадаадын давхар даатгагчтай нягт хамтран ажиллаж эрсдэлийг шилжүүлэх, фронт офисоо өргөжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсний үр дүнд нийт хураамжийн орлого өмнөх оноос 60%-аар өсөж, 54.3 тэрбум төгрөгт хүрсэн салбарын хураамжийн 22%-ийг эзэлж, зах зээлд эзлэх хувиар 1-д орлоо. Дотоодын даатгалын цэвэр хураамж өмнөх оноос 30%-ийн өсөлт үзүүлж 19.1 тэрбум, цэвэр ашиг 21%-аар өсч 2.3 тэрбум төгрөгт хүрлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр тогтоож, 2022 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэсшигчдийн дансанд байршуулна.

“Бодь Даатгал” ХК ногдол ашиг тараах шийдвэр

“Бодь Даатгал” ХК-ийн 2020 оны компанийн цэвэр ашгаас нийт 1,176,598,590 төгрөгийг ногдол ашигт хуваарилж 2021 оны 5 сарын 28-ны өдөр мянга гаруй хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны данс руу ногдол ашгийг шилжүүллээ.
Компани 2020 оны 6 сард тухайн жилийн анхны IPO хийж олон нийтэд хувьцаа гаргаснаас хойш хагас жилийн үр дүнд үндэслэн анхны ногдол ашгаа тарааж байна.
Ковид-19 вирусын нөлөөгөөр 2020 онд Монгол улсын эдийн засаг өмнөх оноосоо 5%-иар, даатгалын салбарын цэвэр хураамжийн орлого 4%-иар буурсан ч Бодь Даатгал компанийн цэвэр хураамжийн орлого +5%-иар нэмэгдэж 14.7 тэрбум хүрлээ. Мөн гадаадын давхар даатгагчдад 19.4 тэрбум төгрөгийн хураамж бүхий даатгал шилжүүлж, үүнээс 1.2 тэрбум төгрөгийн шимтгэлийг хуримтлуулсан нь даатгалын салбар дахь давхар даатгалын шимтгэлийн орлогын 70%-ийг дангаараа эзэлж байна. Нийтдээ дотоод, гадаадын хураамж 33.8 тэрбум төгрөг хүрч өмнөх оноос 20 хувиар нэмэгдлээ.
2021 оны 1-р улирлын байдлаар компанийн цэвэр хураамжийн орлого 34%-иар өсч байгаа нь цаашид даатгалын салбар тэлэх хандлагатай байна. Сүүлийн үед иргэд байгууллагын зүгээс даатгалын бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших соёл, дадал хандлага нэмэгдэж даатгалын бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлсээр байна.
Бодь Даатгал ХК жил бүр тогтмол ногдол ашгийг хуваарилах бодлого баримтлах болно.
Хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа авна уу.