“Бодь даатгал”  компанийн санаачилгаар “Эрсдэлээс урьдчилан сэргийлцгээе” төсөл хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд галын аюулгүй байдлыг барилгын норм ба дүрэмтэй нягт уялдуулан инженерчлэлийн тооцоолол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай хийсэн компаниудыг шагнаж урамшууллаа. Энэ удаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлсэн худалдааны төв шагналыг “Бадачи Трейд”  ХХК-ийн “Топ мебель” худалдааны төв хүртсэн юм.

“БОДЬ ДААТГАЛ” ХХК-ийн Нөхөн төлбөрийн газрын захирал Ж.Даваасүрэн:

“Бодь даатгал” ХХК нь нийгэмд чиглэсэн олон аян зохион байгуулсаар ирсэн. Энэ жилээс бид даатгалын үндсэн эрсдэлүүдийн нэг болох галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүлж байна. Галын эрсдэл нь дэмжигч хэд хэдэн эрсдэлүүдийн нийлбэрээс тогтдог учраас ихэнх тохиолдолд барилгын норм, Олон улсын болон Монгол улсын стандарт, орчин нөхцөл байдалтай нягт уялддаг.

Манай орны хувьд галын эрсдэлийг цогцоор нь харж, шийдвэрлэсэн худалдааны төв тун цөөн. Эдгээр цөөн худалдааны төвөөс яах аргагүй шилдэг,цаашлаад бусад худалдааны төвүүдэд жишиг болох нь“Бадачи Трейд”  ХХК-ийн “Топ мебель” байна.

“БАДАЧИ ТРЕЙД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Сэлэнгэ:

Бид “Бодь даатгал” компанитай хамтарч галын аюулгүй байдлыг хангасан жишиг худалдааны төв болохоор сүүлийн 2 сар гаруй хугацаанд ажиллаа.

Энэ хугацаанд манай байгууллагын ажилтан албан хаагч нар галаас хэрхэн урьдчилан сэргийлэх, гал гарсан үед чухан ямар арга хэмжээг нэн түрүүн авч болох талаар маш сайн ойлголттой болсон.

Бас гал унтраах сайн дурын бүлгэм байгууллаа. Ингэж галын аюулгүй байдлаа хангасан маань манай байгууллагын ажилтан албан хаагч нарт төдийгүй зорин ирж үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ тав тух аюулгүй ажиллагааг хангах чухал алхам боллоо.

“Бодь даатгал” компанийн гал түймрийн эрсдлийн шинжээч,Монгол улсын зөвлөх инженер Ж.Нямдорж:

Бусад худалдааны төвтэй харьцуудахад “Топ мебель”-ийн барилга нь барилгын норм ба дүрмийн дагуу худалдааны төв байхаар баригдсан учраас эрс давуу талтай.

Ялангуяа  галын аюулгүй байдлыг хангасан инженерийн шийдэл бүхий барилга бөгөөд норм дүрмээрээ Ф3.1 функцд хамаардаг, галд тэсвэржилтийн II зэргийн төмөр бетон, шилэн хийц бүхий  байгууламж юм.

Тухайн худалдааны төвийн галын аюулгүй байдлыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн улам сайжруулах тал дээр манай байгууллага тодорхой ажлуудыг гүйцэтгэлээ. Тухайлбал аврах зам гарц, тэмдэг тэмдэглэгээг MNS GOST MNS GOST R12.2.143:2013 стандартын дагуу гүйцэтгэж бүрэн хаягжууллаа.

Тус худалдааны төвийн бүх өрөө тасалгаа, худалдааны танхимыг  MNS 5566-2005 стандартын дагуу гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр хангаж, цахилгаан тоног төхөөрөмжүүд, хуваарьлах самбаруудыг Е ангиллын зориулалтын гал унтраагуулаар бүрэн тоноглолоо.

Мөн барилга байгууламжийн аянга, статик цахилгаанаас хамгаалагдсан байдлыг шалгаж хэвийн ажиллагаатайг нь тогтоосон. Энэ бол анхаарах ёстой чухал зүйл. Цахилгаан тоног төхөөрөмж дээр эвдрэл гэмтэл гарч буй шалтгааны 10-30  хувь нь энэ төрлийн тухайн хамгаалалт хангалтгүй байгаагаас болдог. БНбД 21-01-02 дүрмийн 4.1-т заасны дагуу гал унтраах хүч хэрэгсэл тухайн объектод чөлөөтэй нэвтэрч байх заалтын дагуу бүх зам гарцыг тэмдэгжүүлж, маневирлах бүрэн бололцоотой болголоо.

Тэрчлэн Монгол улсын галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.10, 17.2.11 заалтын дагуу   худалдааны төв дээр гал унтраах сайн дурын бүлгэмийг байгууллагын захирлын тушаалаар албан ёсоор байгуулж аливаа осол гамшиг, гал түймрийн үед авах шуурхай төлөвлөгөөг боловсруулан чадавхижуулах сургалтыг нийт ажилтан албан хаагчдад орлоо.

Ингэснээр “Топ мебел” ХХК худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  төвүүдийн баримталдаг галын аюулгүй байдал, стандарт нормыг бүрэн хангасан байгууллага болж байна.

Худалдааны төвийн заал, танхим агуулахын хэсгүүдэд ноогдох галын ачаалл буюу бараа материал, мебелийг 50 кг/м²-ээс илүү гаргахгүйгээр дотоод дүрмэнд тусгасан ба одоо аль алинд нь зохистой хэмжээнд барьж байна. Энэ үйл ажиллагааны дагуу хязгаарлах зурвас татаж чөлөөтэй зорчих лангуу тавиур хоорондын зам, хонгилуудыг гаргалаа.