bodi-insurance-logo-mn.png


ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ

НЭГ.ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1.Нэг талаас даатгуулагч, нөгөө талаас БОДЬ ДААТГАЛ ХХК (цаашид “Даатгагч”, хамтад нь “Талууд” гэх) нар харилцан тохиролцсоны үндсэн дээр доор дурдсан энэхүү даатгалын гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г байгуулав.
1.2.Талууд гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Даатгалын тухай хууль, Банкны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг дагаж мөрдөнө.
1.3.Гэрээгээр нэг талаас даатгуулагч даатгалын зүйлийг даатгуулж даатгалын хураамж төлөх, нөгөө талаас даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу даатгалын нөхөн төлбөр олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.
1.5 Талууд гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзах, цуцлах эрхгүй бөгөөд гэрээнд заагдсан үндэслэл эсвэл хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд гэрээ цуцлах тухай бичгэн мэдэгдлийг 1-ээс доошгүй сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ. Гэрээний аль нэг тал үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан, цуцалсан тохиолдолд нөгөө талд учирсан шууд хохирлыг буруутай тал нөхөн төлөх үүрэгтэй.
1.6.Гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлыг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв маргааныг хэлэлцээрийн аргаар зохицуулж эс чадвал Санхүүгийн зохицуулах хороонд хандах ба Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг аль нэг тал эс зөвшөөрвөл Монгол Улсын шүүхэд гомдол гаргаж асуудлыг шийдвэрлүүлнэ.

ХОЁР. ДААТГАЛЫН ЗҮЙЛ

2.1.Даатгалын зүйл нь дараах төрөлтэй байна. Үүнд:
2.1.1 Орон сууц, амины орон сууц, хашаа байшин (түр барьцаа, гурван талт гэрээний барьцаа буюу гэрчилгээ нь гараагүй үл хөдлөх эд хөрөнгө болон үндсэн барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгө)
2.1.2 Даатгуулагчийн амь нас (зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах)
2.1.3 Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах.

ГУРАВ.ДААТГАЛЫН ЭРСДЭЛ, ХУРААМЖ

3.1.Даатгагч нь гэрээний 2.1.2-2.1.3 дахь заалтанд заасан даатгалын зүйлд дараах эрсдэл учирсан тохиолдол даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгоно. Үүнд:
3.1.1.Галын эрсдэл (бүх төрлийн галын эрсдэл, гал түймэр, дэлбэрэлт)
3.1.2.Сантехникийн эрсдэл (усны бүлэг эрсдэл, сантехникийн эвдрэлээс үүдэлтэй болон дээврээс дусаал, ус гоожих эрсдэл)
3.1.3.Цахилгаан, эрчим хүчний эрсдэл; (Даатгалын зүйлд гэнэтийн цахилгааны саатал, хэлбэлзэл, доголдлын улмаас хохирол учруулах)
3.1.4.Байгалийн эрсдэл (газар хөдлөлтийн эрсдэл хамаарахгүй)
3.1.5.Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол, хулгайн сэдэлтэй оролдлогын улмаас даатгалын зүйл эвдэрч гэмтэх
3.2.Даатгагч нь гэрээний 2.1.2-2.1.3 дахь заалтанд заасан даатгалын зүйлд дараах эрсдэл учирсан тохиолдол даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгоно. Үүнд:
3.2.1.Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах
3.2.2.Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах эрсдэл.
3.2.3.Зүрх гэнэт зогсох (нэмэлт хураамж төлсөн тохиолдолд).
3.2.4.Цус харвах (нэмэлт хураамж төлсөн тохиолдолд)
3.3.Даатгуулагч нь орон сууцаа гэрээний 3.1. дэх хэсэгт заасан эрсдэлээс бусад нэмэлт эрсдэлийг даатгуулах тохиолдолд даатгагчтай харилцан тохиролцож холбогдох даатгалын нэмэлт хураамжийг даатгагчид төлж даатгуулж болно.
3.4.Гэрээний даатгалын зүйлийн нийт үнэлгээ, хураамж дараах хэмжээтэй байна.

Даатгалын зүйл Даатгалын үнэлгээ Даатгалын хураамж
Орон сууц Хөрөнгийн үнэлгээ 0.09%
Зээлдэгчийн амь нас
(Гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах)
Хөрөнгийн үнэлгээ 0.10%
Зүрх гэнэт зогсох Хөрөнгийн үнэлгээ 0.015%
Цус харвах Хөрөнгийн үнэлгээ 0.015%

3.5.Ипотекийнгэрээнд үндсэн зээлдэгчээс гадна хамтран зээлдэгчтэй байвал зээлдэгч тус бүрийн зээлийн төлбөр хариуцах хувийг банк тогтооно.

ДӨРӨВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

4.1 Даатгагч дараах эрхтэй:
4.1.1.Талууд Иргэний хууль болон Даатгалын тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
4.1.2.Даатгагч нь орон сууцны хөрөнгийн үнэлгээг банкны орон сууцны зээлийн барьцаанд барьцаалагдах үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц, амины орон сууц, хашаа байшин (түр барьцаа, гурван талт гэрээний барьцаа буюу гэрчилгээ нь гараагүй үл хөдлөх эд хөрөнгө, үндсэн барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгө)-ийн зах зээлийн үнэ буюу банкны тодорхойлсон үнээр тогтооно.
4.1.3.Зээлдэгчийн амь насны даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлээр тогтооно.
4.1.4.Даатгуулагчийн эрх, үүрэг нь гуравдагч этгээдэд шилжих тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гуравдагч этгээдэд тавих
4.1.5.Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах
4.1.6.Даатгалын зүйлийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж танилцах
4.2.Даатгагч дараах үүрэгтэй:
4.2.1.Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг даатгалын баталгаанд тохиролцсон хугацаа, хэмжээгээр олгох
4.2.2.Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах
4.2.3.Монгол Улсын хуульд зааснаас бусад тохиолдолд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг хадгалах, бусдад дамжуулахгүй байх
4.2.4.Даатгалын тохиолдол бий болоход учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх
4.2.5.Даатгалын тохиолдлын улмаас эд хөрөнгө нь хагас сүйрсэн тохиолдолд нөхөн төлбөрийг банкны зөвшөөрлөөр даатгуулагчид, бүрэн сүйрсэн тохиолдолд банкинд олгох
4.2.6.Даатгуулагч амь нас, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдалтын даатгалаар тохиолдол бий болсон бол нөхөн төлбөрийг банкинд олгох
4.2.7.Даатгуулагч нь хууль болон даатгагчтай байгуулсан ипотекийн даатгалын гэрээнд заасан аливаа үндэслэлээр ипотекийн даатгалын гэрээ цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд даатгагч энэ талаар банкинд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
4.2.8.Хуульд заасан бусад үүрэг.
4.3.Даатгуулагч дараах эрхтэй:
4.3.1.Даатгуулсан талаарх даатгалын баталгаа болон гэрээг авах
4.3.2.Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах
4.3.3.Даатгагч хууль, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах
4.3.4.Даатгагчийн санхүүгийн нөхцөл байдал, чадавхийн талаар мэдээлэл хүсэх, гаргуулж авах.
4.4.Даатгуулагч дараах үүрэгтэй:
4.4.1.Даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах, даатгалын тохиолдол болсон тухай ажлын 24 цагийн дотор даатгагчийн 70004800 утас уруу мэдэгдэх, эсвэл биеэр ирж мэдэгдэх
4.4.2.Даатгалтай холбоотой баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх, даатгагч даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, гал, эмнэлэг зэрэг мэргэжлийн холбогдох байгууллагын хүмүүс оролцсон комиссоор акт тогтоолгох (шаардлагатай тохиолдолд)
4.4.3.Даатгалын хураамжийг гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу даатгагчид төлөх
4.4.4.Хэрвээ гэрээний 2.1.1 дэх заалтад заасан даатгалын зүйлийг барьцаанд тавих, бусдад түрээслэх тохиолдолд даатгагчид урьдчилан мэдэгдэх;
4.4.5.Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээх
4.4.6.Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар 30 хоногт багтаан даатгагчид мэдэгдэж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
4.4.7.Даатгагч болон даатгуулагчийн хооронд байгуулагдах даатгалын баталгаа 3 жилийн хугацаатай байх ба даатгалын хураамжийг нэг удаагийн төлөлтөөр болон хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр төлж болно. Даатгалын баталгаа даатгалын хураамжийн төлбөрийг даатгагчийн дансанд шилжүүлсний дараа хүчин төгөлдөр болно.
4.4.8.Үндсэн болон хамтран зээлдэгчийн/даатгуу лагчийн орлогын хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд банк зээлдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлдэгч тус бүрийн зээлийн төлбөр хариуцах хувийг өөрчилж болох ба энэ тохиолдолд даатгалын гэрээт баталгааг шинээр бичнэ.

ТАВ.БУРУУТАЙ ТАЛААС ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭХ ТУХАЙ

5.1.Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг үндэслэн буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн шаардах эрх нь даатгалын гэрээгээр нөхөн төлсөн нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжих бөгөөд даатгуулагч бүхий л талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй.

ЗУРГАА.ХОХИРЛЫГ МЭДЭЭЛЭХ, НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ТУХАЙ

6.1.Даатгуулагч хохирол гарсан тохиолдолд:
6.1.1.Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгуулагч мэдсэнээс хойш ажлын 1 хоногийн дотор даатгагчид (утас, факс, албан бичиг, биеэр гэх мэт аль боломжтой арга хэлбэрээр) мэдээлэх ба өөрт мэдэгдэж байгаа бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг даатгагчид өгөх.
6.1.2.Осол болсон даруй хохирлыг багасгах, арилгах, нотлох бусад мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх арга хэмжээг авч өөрийн зардлаар гарсан хохирлыг баталгаажуулах
6.1.3.Ослын газар шуурхай алба очих тохиолдолд аюулгүй байдалд харшлахгүй бол даатгуулагч даатгалын зүйлийг ослын дараах байдлаар хадгалж байх
6.1.4.Учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүс оролцсон комиссоор акт тогтоолгох болон даатгалын хохирол үнэлэгчээр хохирлын үнэлгээ хийлгүүлэх
6.1.5.Даатгагчийн тавьсан хүсэлтийн дагуу эрсдэлд орсон даатгалын зүйлийг үзүүлэх мөн хохирлын хэргийг гэрчлэх эд мөрийн баримт, баталгаа, нотолгоо бусад холбогдох мэдээллээр даатгагчийг шуурхай хангах.
6.2.Даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 150 хоногийн дотор даатгуулагч дараах нөхөн төлбөрийн материалыг даатгагчид бүрэн гүйцэд хүлээлгэн өгөх
6.2.1.Гэрээний 2.1.1-д заасан даатгалын зүйлд даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд
6.2.1.1.Даатгуулагчийн өргөдөл
6.2.1.2.Даатгалын баталгааны эх хувь, эсвэл хуулбар
6.2.1.3.Хохирлын шалтгаан, хэмжээг тодорхойлсон акт материал
6.2.1.4.Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
6.2.2.Гэрээний 2.1.2-2.1.3-д заасан даатгалын зүйлд даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд:
6.2.2.1.Даатгуулагчийн өргөдөл (даатгуулагч нас барсан тохиолдолд хууль ёсны өв залгамжлагч эсвэл хамтран зээлдэгчийн гаргасан өргөдөл)
6.2.2.2.Даатгалын баталгааны эх хувь, эсвэл хуулбар
6.2.2.3.Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
6.2.2.4.Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдсаныг нотлох шүүх эмнэлгийн болон эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ
6.2.2.5.Зээл, барьцааны гэрээ
6.2.2.6.Зээлдэгчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаныг нотлох (эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт) эмнэлгийн акт, тодорхойлолт, бусад нотлох баримтууд
6.2.2.7.Банкнаас гаргасан зээлдэгчийн зээлийн төлбөрийн үлдэгдлийн тодорхойлолт.

ДОЛОО.НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ҮНДЭСЛЭЛ, НӨХЦӨЛ

7.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагч даатгалын хураамжийг зохих ёсоор, бүрэн төлсний дараа даатгалын тохиолдол үүссэн үед гэрээгээр тохиролцсон нөхөн төлбөрийг даатгагч олгоно.
7.2.Даатгагч даатгалын нөхөн төлбөр төлөх асуудлыг гэрээний 6.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчийн арилжааны банкны харилцах дансанд шилжүүлнэ.
7.3.Даатгагчийн ажилтан нь нөхөн төлбөрийн материалуудыг /гэрээний 6.2-т заасан баримт бичиг/ даатгуулагч болон банкнаас бүрэн гүйцэд хүлээж авсан нь нөхөн төлбөр төлөх үндэслэл болно.
7.4.Даатгагчийн ажилтан нь нөхөн төлбөрийн материалуудыг /гэрээний 6.2-т заасан баримт бичиг/ дутуу гэж үзвэл хүлээж авахгүй бөгөөд шаардлагатай нэмэлт материалуудын талаар даатгуулагч эсвэл банкны ажилтанд дэлгэрэнгүй тайлбарлаж ажлын 7 хоногийн дотор даатгуулагчаас нэмэлт материалыг багцаар нь нэг удаа шаардаж авна.
7.5.Даатгагч даатгалын баталгаанд заасан эрсдэлийн улмаас тохиолдол бий болоогүй гэж үзвэл энэ талаар даатгуулагч эсвэл банкны ажилтанд тайлбарлаж өгөх, шаардлагатай бол албан бичгээр нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан үндэслэлээ ажлын 10 хоногийн дотор гаргаж өгнө.
7.6.Даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь олгоно.
7.6.1.Энэхүү даатгалын баталгаанд заасан тохиолдлын улмаас даатгалын зүйл (даатгуулсан эд хөрөнгө) бүрэн сүйрсэн;
7.6.2.Хэсэгчлэн сүйрсэн тохиолдолд сэргээн засварлахад гарах зардлыг
7.6.3.Даатгуулагч гэрээний 3.2-д заасан эрсдэлийн улмаас нас барсан
7.7.Хамтран зээлдэгч нас барсан (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан) тохиолдолд нас барсан (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан) зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно
7.8.Хамтран зээлдэгчгүй зээлийн хувьд зээлдэгч нас барсан (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны) тохиолдолд нас барсан өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр 100 хувь нөхөн төлнө
7.9.Даатгуулагч амь нас, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлээс доогуур үнэлж даатгуулсан тохиолдолд даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлийн дүнд харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.
7.10.Даатгуулагч даатгалын хураамжийг хуваарийн дагуу хэсэгчилж төлөх тохиолдолд даатгагч нөхөн төлбөрийг дараах нөхцөлийн дагуу олгоно. Үүнд:
7.10.1.Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээний хавсралтаар заагдсан хуваарийн дагуу төлөөгүй буюу даатгалын хураамж төлөх хуваарийг зөрчсөн үед даатгалын тохиолдол үүсвэл олгохоор тооцсон нөхөн төлбөрийг зөрчсөн байх үед даатгалын тохиолдол үүсвэл олгохоор тооцсон нөхөн төлбөрийг төлөгдсөн даатгалын хураамжинд хувь тэнцүүлэн олгоно.
7.10.2.Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд хавсралтаар заагдсан хуваарийн дагуу төлж байх хугацаанд буюу даатгалын хураамж төлөх хуваарь зөрчигдөөгүй байх үед даатгалын тохиолдол үүсвэл олгохоор тооцсон нөхөн төлбөрийн дүнгээс төлөгдөөгүй үлдсэн даатгалын хураамжийн дүнг хасч олгоно.
7.10.3.Даатгуулагч гэрээнд хавсралтаар заагдсан төлбөрийн хуваариа зөрчин хураамжийн төлбөрөө тасалдуулсан боловч даатгалын тохиолдол үүсэхээс өмнө тасалдсан хугацааны төлбөрийг нийтэд нь буюу нөхөж төлөн хуваарьт төлбөрийн хэвийн байдлыг хангасан тохиолдолд энэхүү нөхцөлийн 7.10.2-д заагдсан нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг олгоно.
7.11.Даатгуулагч гэрээний 3.2-т заасан эрсдэлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээ нь бүрэн алдалтын хугацаанд ногдох зээлийн төлбөрийн дүнгээс тухайн даатгуулагчийн зээлийн төлбөр хариуцах оролцооны хувиар тооцсон дүн байна.
7.12.Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулж хувь тэнцүүлэн тооцно
7.13.Банкны зээлдэгчийн даатгуулсан орон сууцанд даатгалын тохиолдол болсон үед хохирлын үнэлгээг хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж болох бөгөөд уг хөндлөнгийн байгууллагаар үнэлгээг хийлгэсэн зардлыг дараах байдлаар хариуцна:
7.13.1.Банкны зээлдэгчийн даатгуулсан орон сууцанд даатгалын тохиолдол болж, учирсан хохирол нь 1,000,000.00 (нэг сая) төгрөгөөс бага дүнтэй байх тохиолдолд даатгуулагчтай тохиролцсоны үндсэн дээр заавал хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхгүйгээр нөхөн төлбөрийг олгоно
7.13.2.Банкны зээлдэгчийн даатгуулсан орон сууцанд даатгалын тохиолдол болж, учирсан хохирол нь 10,000,000.00 (арван сая) төгрөгөөс бага дүнтэй байх тохиолдолд хөрөнгийн хохирлын үнэлгээний төлбөрийг даатгагч хариуцна
7.13.3.10,000,000.00 (арван сая) төгрөгөөс илүү гарсан хохирлын үнэлгээний төлбөрийг даатгуулагч хариуцна.
7.14.Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын нөхөн төлбөр олгох дүн нь даатгалын тохиолдол болох өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн нийлбэртэй тэнцүү байна.

НАЙМ.НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ БАЙХ ҮНДЭСЛЭЛ

8.1.Даатгагч дараах үндэслэлүүдээр нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Үүнд:
8.1.1.Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох орчин нөхцөлийг зориуд бүрдүүлсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдсон (Зээлдэгчдийн амь насны даатгалын хувьд даатгалын тохиолдол болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэдэгт амиа хорлосон, санаатайгаар амиа хорлох оролдлого хийснээс үүдэн гарсан үр дагаврыг тооцно.)
8.1.2.Даатгуулагч даатгагчид даатгалын зүйлийн талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон
8.1.3.Орон сууцны даатгалын хувьд 3.1-д зааснаас бусад эрсдлээс учирсан хохирол
8.1.4.Учирсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан
8.1.5.Нотолгоогүй хохирол (Тухайн барьцаа хөрөнгөнд энэхүү гэрээний 3.1.1.-3.1.5-д заасан эрсдэлийн улмаас хохирол учирсан болохыг нотлох боломжгүй тохиолдол)
8.1.6.Хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол
8.1.7.Зээлдэгчдийн амь насны даатгалын хувьд даатгалын баталгаанд нэр нь бичигдээгүй хамтран зээлдэгчид учирсан хохирол
8.1.8 3.2.3, 3.2.4-д зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барах
8.1.9.Согтуурсан эсвэл мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн гэмтсэнээс нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн болон түр хугацаагаар алдсан
8.1.10.Даатгуулахаас өмнө учирсан бэртэл гэмтлийн үр хохирол

ЕС.БУСАД ЗҮЙЛ

9.1.Даатгагч, даатгуулагчийн хооронд байгуулагдах энэхүү даатгалын баталгаа болон банкны ипотекийн даатгалын гэрээтэй зөрчилдөх тохиолдолд энэхүү гэрээг баримтална гэж талууд харилцан тохиролцов.
9.2 Банктай байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан, дуусгавар болгосон эсэхээс үл хамаарч даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн турш тухайн даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ. Зээлийг урьдчилан төлснөөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилж буй даатгалын баталгааны хугацаа хэвээр үргэлжилнэ.
9.3.Гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагавар:
9.3.1.Даатгуулагч зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгалын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө барагдуулсан нөхцөлд даатгалын гэрээг цуцлах хүсэлтийг даатгагчид гаргаж болох бөгөөд даатгагч даатгалын хураамжийн буцаалтыг даатгалын гэрээний үлдэх хүчинтэй хугацаанд ногдох хураамжийн хэмжээнээс даатгалын үйл ажиллагааны зардал болох 10% хасч тооцсон дүнгээр олгоно.
9.3.2.Даатгуулагч даатгалын хугацаанд нөхөн төлбөр авсан бол гэрээ аль ч хэлбэрээр цуцлагдсан даатгалын хураамж буцаан олгогдохгүй.
9.3.3.Даатгуулагч даатгалын зүйлийн талаар худал мэдүүлсэн, энэ гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон нь илэрвэл гэрээ цуцлагдаж, нөхөн төлбөр авах боломж бүрэн алдагдах ба даатгалын хураамж буцаан олгогдохгүй болно.

АРАВ.НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

10.1.Зээлийн гэрээ” гэж банк нь зээлдэгчид орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан тодорхой хугацаа, хүүтэйгээр зээл олгохоор тохиролцон байгуулсан гэрээг
10.2.“Ипотекийн даатгал” гэж даатгагч орон сууцны ипотекийн зээлдэгч буюу Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд болон барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө (цаашид “даатгалын зүйл” гэх)-д даатгалын тохиолдол үүсэхэд хэлэлцэн тохиролцсон даатгалын нөхөн төлбөр төлөх үйл ажиллагааг
10.3.“Даатгагч” гэж Монгол улсын даатгалын тухай хуулийн дагуу даатгалын тусгай зөвшөөрөл авсан Бодь даатгал” ХХКомпанийг
10.4.“Даатгуулагч” гэж банкны орон сууцны зээлд хамрагдаж, өөрийн ашиг сонирхлын төлөө амь нас, эрүүл мэнд болон даатгагчтай ипотекийн даатгалын гэрээ байгуулж, даатгалын тохиолдол үүсэхэд учирсан даатгалын нөхөн төлбөрийг банкин дахь дансандаа шилжүүлэхийг зөвшөөрсөн иргэнийг
10.5.“Даатгалын тохиолдол” гэж даатгагч болон даатгуулагчийн хооронд байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгалын зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг
10.6.“Даатгалын үнэлгээ” гэж үл хөдлөх хөрөнгийн хувьд даатгуулж байгаа хөрөнгийн үнэлгээ, амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зээлийн үлдэгдлийн үнийн дүн байна
10.7.“Хөрөнгийн үнэлгээ” гэж банкны орон сууцны зээлийн барьцаанд барьцаалагдах үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц, амины орон сууц, хашаа байшин (түр барьцаа, гурван талт гэрээний барьцаа буюу гэрчилгээ нь гараагүй үл хөдлөх эд хөрөнгө болон үндсэн барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийн, зах зээлийн үнэ буюу банкны тодорхойлсон үнийг
10.8.“Даатгалын хугацаа” гэж даатгалын баталгаа хүчин төгөлдөрбайх хугацааг
10.9.“Даатгалын хураамж” гэж амь нас, эрүүл мэнд болон орон сууцны зээлийн эрсдлийг даатгуулсны төлөө даатгуулагчаас даатгагчид төлөх мөнгөн төлбөрийг
10.10.“Даатгалын нөхөн төлбөр” гэж ипотекийн даатгалын гэрээнд тодорхойлогдсон даатгалын эрсдэл учирсан тохиолдолд даатгагчаас даатгуулагчийн банкин дахь дансанд олгох мөнгөн төлбөрийг
10.11.“Ипотекийн даатгалын баталгаа” гэж энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу даатгуулагчтай байгуулах даатгагчийн талаарх мэдээлэл, даатгалын зүйл, үнэлгээ, хураамж хугацаа зэрэг бусад нөхцөлийг тусгасан ипотекийндаатгалын гэрээг
10.12.“Орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууц, хашаа байшин, сууцыг
10.13.“Орон сууцны зээл” гэж орон сууц худалдан авах, орон сууц барих, орон сууцны нөхцөлөө сайжруулах, орон сууцандаа засвар үйлчилгээ хийхэд зориулсан зээлийг
10.14.“Бүрэн сүйрэл” гэж даатгалын тохиолдлын улмаас даатгуулсан зүйлд учирсан хохирол, гэмтэл согогийг засах засварын зардал нь даатгалын үнэлгээний 70 хувь буюу түүнээс дээш хувьтай тэнцэх тохиолдлыг
10.15.“Хэсэгчлэн сүйрэл” гэж бүрэн сүйрлээс бусад тохиолдлыг
10.16.“Зээлийн төлбөр” гэдэгт даатгуулагчийн үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү
10.17.“Даатгалын үнэлгээг сэргээх” гэж нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ нь гэрээний хүчин төгөлдөр хугацаанд тухайн хэмжээгээр буурах бөгөөд нөхөн төлбөрийн дүнгээс энэхүү гэрээний дагуу даатгалын хураамжийг нэмж төлж даатгалын үнэлгээг нэмэгдүүлэхийг
10.18.“Гэнэтийн осол” гэж үйлдвэрлэлийн ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол
10.19.“Хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт” гэж даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдлыг хэлнэ.
10.20.“Гуравдагч этгээд” гэж даатгуулагчтай ижил ашиг сонирхолтой этгээд, гэр бүлийн гишүүн, төрөл садан, хүүхдээс бусад этгээдийг хэлнэ.


Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com

24.7-footer.png


Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно