ЗЭЭЛИЙН БАРЬЦАА ОРОН СУУЦНЫ ХӨРӨНГИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ
НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.Энэхүү гэрээ нь Даатгуулагч даатгалын зүйлээ Даатгагчид даатгуулах, Даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбогдсон Талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Даатгалын мэдүүлэг, даатгалын баталгаа нь гэрээний салшгүй нэг хэсэг болно.
1.3.Талууд гэрээг харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болж, даатгалын хураамж төлөгдсөнөөр даатгалын хамгаалалт үйлчилж эхэлнэ.
1.4.Гэрээний хугацаанд даатгалын зүйл тус бүр дээр олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь тухайн зүйл тус бүрийн даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
1.5.Талууд энэхүү гэрээ болон даатгалын баталгаанд заагдсан нэр томьёог “Даатгалын тухай хууль” болон бусад хууль тогтоомжид тодорхойлсон утгаар ойлгоно.
1.6.Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Даатгагчид ноцтой хохирол учруулаагүй боловч даатгалын тохиолдол болсон нь холбогдох баримтаар нотлогдож байвал Даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй.
1.7.Шинээр худалдан авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авч буй үнэ, хуучин хөрөнгийн хувьд зах зээлийн үнэ байна.
ХОЁР.ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР
2.1.Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлэн Даатгагчид өгнө. Үүнд:
2.1.1.Даатгуулагчийн өргөдөл, албан байгууллага бол албан тоот.
2.1.2.Иргэний үнэмлэхийн хуулбар.
2.1.3.Даатгалын гэрээний эх хувь /эх хувь байхгүй бол хуулбар хувь/
2.1.4.Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/
2.1.5.Хохирлын шалтгаан, хэмжээг тодорхойлсон акт материал /Аюул осол болсон тухай мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт, хэрэв хуульд заасны дагуу тухайн цаг хугацаанд уг баримт үйлдэгдэх боломжтой тохиолдолд хамаарна /
2.1.6.Онцгой тохиолдолд энэхүү гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдсэн эсэхийг шалгах шаардлагатай гэж үзвэл хохирлын шалтгааныг тодорхойлсон бусад мэргэжлийн байгууллагын дүгнэлт /энэхүү баримт нь хэрэв хуульд заасны дагуу тухайн цаг хугацаанд уг баримт үйлдэгдэх боломжтой тохиолдолд хамаарна/
2.2.Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100%-иар тооцож, Даатгагчаас Даатгуулагчид нөхөн төлбөр олгоно.
2.3.Даатгагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан баримт материалуудыг Даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
2.4.Даатгагч хохирлын үнэлгээний зардлыг Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дүн дээр нэмж олгоно.
2.5.Даатгалын тохиолдлыг гэрээний 2.1.5, 2.1.6-д заасны дагуу зайлшгүй шалтгаанаар төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах тохиолдолд мөн гэрээний 2.3-т заасан шийдвэрлэх хугацааг тухайн баримтын хуулийн дагуу үйлдэж дуусах хүртэл хугацаагаар сунгаж болно. Аль ч тохиолдолд нийт хугацаа нь 180 хоногоос хэтрэхгүй байна, тогтоосон хугацаанд баримт гарахгүй бол тус баримтыг шаардахгүйгээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэнэ.
2.6.Даатгагч нөхөн төлбөрийг олгосны дараа эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт гарсан тохиолдолд Даатгуулагч нь нэн даруй мэдэгдэж, баримтын эх хувийг Даатгагчид хүргүүлэх үүрэгтэй.
2.7.Даатгагч нөхөн төлбөрийг олгосны дараа эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтээр нөхөн төлбөр олгохгүй үндэслэл тогтоогдсон бол олгосон нөхөн төлбөрийг Даатгуулагчаас буцаан нэхэмжилнэ. Энэ тохиолдолд Даатгагчийн олгосон нөхөн төлбөрийг шаардсан даруй Даатгуулагч нь буцаан төлөх үүрэгтэй.
2.8.Буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу Даатгагчид шилжинэ.
2.9.Даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо Даатгагч даатгалын гэрээний хугацаанд олгосон нөхөн төлбөрийн дүнгээр даатгалын үнэлгээг нэмэгдүүлж Даатгалын гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол уг хэмжээгээр даатгалын үнэлгээг бууруулан тооцно.
2.10.Даатгалын зүйлийг хэд хэдэн Даатгагчид зэрэг даатгуулсан тохиолдолд Даатгагч тус бүр оролцсон хэмжээний хувиар нөхөн төлбөрийг хариуцан төлнө.
2.11.Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоос 80% /хэрэв өөрийн хүлээх хариуцлага байхгүй гэсэн нэмэлт эрсдэлийг сонгосон тохиолдолд 100%/-иар тооцож, бусад тохиолдолд 100%-иар нөхөн төлбөр олгоно.
2.12.Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулсан хувиар тодорхойлох бөгөөд нөхөн төлбөрийн дээд хэмжээг зах зээлийн үнэлгээ болон даатгалын үнэлгээний аль бага хэмжээгээр нь тогтооно.
2.13.Талууд хохирлын хэмжээг тогтоохдоо Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээний байгууллагаар хийлгэх бөгөөд холбогдох зардлыг даатгагч хариуцна. Хэрэв уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд эс зөвшөөрсөн тал нь Монголын хохирол үнэлэгчдийн холбоонд хандаж дахин үнэлгээ тогтоолгох бөгөөд холбогдох гарах зардлыг бүрэн хариуцна.
2.14.Даатгалын зүйлийн үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс бага бол зах зээлийн үнэд эзлэх хэмжээгээр хувь тэнцүүлэн нөхөн төлбөрийг олгоно.
2.15.Талууд тодорхой нөхцөл болзол биелэгдсэн тохиолдолд даатгалын үнэлгээний тодорхой хувиар тооцох, эсвэл даатгуулагч, даатгагдагчаас гарсан зардлаар тооцон нөхөн төлбөр олгохоор тохиролцож болно.
2.16.Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр олгосон тохиолдолд даатгуулагч тухайн сүйрсэн хэсгийг даатгагчид шилжүүлнэ.
ГУРАВ.НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ
3.1.Даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:
3.1.1.Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн.
3.1.2.Даатгуулагч даатгалын зүйлийн талаар Даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон.
3.1.3.Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан.
3.1.4.Гарсан хохирлыг Даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн.
3.1.5.Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
3.1.6.Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед, эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол.
3.1.7.Эд хөрөнгийн ердийн элэгдэл, хэвийн хорогдол, зэврэлт.
3.1.8.Даатгуулагч гал, эрчим хүч, ус, дулаан, цахилгаан, сантехник ашиглалт, аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, ашиглах дүрэм, заавар, стандарт зөрчсөнөөс үүссэн хохирол.
3.1.9.Үйлдвэрлэлийн дефекттэй холбоотой үйл ажиллагааны болон ур хийцийн алдаа, алдаатай зураг төсөл, зөвшөөрөлгүй шинэчлэн боловсруулсан барилгын зураг төсөл.
3.1.10.Гэрээний дагуу шаардсан баримт нь даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй тохиолдолд.
3.1.11.Шалгаагүй ба баталгаажуулаагүй технологи ашигласан, шалган турших, судалгаа, шинжилгээний ажлын явцад учирсан хохирол.
3.1.12.Даатгалын зүйлийн ашиглалтанд зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гарсан гэмтэл.
3.1.13.Хүний үйл ажиллагаанаас хамааралтай хөрсний нуралт, цөмрөлт
3.1.14.Дайн, зэвсэгт бослого, дотоодын үймээн самуун, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн.
3.1.15.Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны хордлого мөн асбестос бодис ашигласнаас учирсан хохирол.
ДӨРӨВ.ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1.Даатгуулагч нь дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:
4.1.1.Даатгалын гэрээ болон даатгалын баталгаагаар хангагдах.
4.1.2.Даатгалын тохиолдол болсон үед энэхүү гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг Даатгагчаас шаардах.
4.1.3.Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах.
4.1.4.Даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах бөгөөд энэ талаар Даатгагчид 72 цагийн дотор 70004800, 99054800 /24 цагаар /факс, албан бичиг, мессеж үлдээх/ (энэхүү хугацаа нь даатгуулагч, хамтран даатгуулагч нас барсан тохиолдолд хамаарахгүй) утсаар мэдэгдэх.
4.1.5.Хохирол гарсан тухай дэлгэрэнгүй албан тоот /хувь хүн бол өргөдөл/, нотлох баримт, материалуудын хамт Даатгагчид хуанлийн 90 хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй. Аюул осол, хохирол нь хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд нөхөн төлбөрийн материал бүрдүүлж, өгөх хугацааг сунгаж болно.
4.1.6.Даатгалтай холбоотой баримт материалыг Даатгагчид үнэн зөв гаргаж өгөх.
4.1.7.Даатгуулагч нь Даатгалын гэрээг байгуулсан өдрөөс хойш даатгалын хураамжийг төлөөгүй байх хугацаанд даатгалын зүйлд хохирол учирвал уг хохирлыг Даатгуулагч өөрөө хариуцах.
4.1.8.Гэрээнд заасны дагуу Даатгагчаас гарсан зардлыг гэм буруутай талаас нэхэмжлэн авахад Даатгуулагч боломжит бүхий л талын туслалцааг үзүүлэх.
4.1.9.Даатгуулагч нь энэхүү даатгалын гэрээг байгуулахаас өмнө батлагдсан маягтын дагуу Мэдүүлгийн маягт бөглөж өгнө.
4.1.10.Даатгуулагч өөрийн хүсэлтээр даатгалын гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй бөгөөд гэрээ цуцлахтай холбоотой зардлыг Даатгуулагч бүрэн хүлээнэ. Гэрээг цуцлахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
4.1.10.1.Өргөдөл /албан байгууллага бол албан тоот/
4.1.10.2.Иргэний үнэмлэхийн хуулбар /албан байгууллага бол гэрчилгээний хуулбар/
4.1.10.3.Даатгалын гэрээ.
ТАВ.ДААТГАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
5.1.Даатгагч нь дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:
5.1.1.Даатгуулагч хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, өөрчлөлт оруулах, үүргээ биелүүлэхийг шаардах.
5.1.2.Даатгуулагчийн эрх, үүрэг нь шинэ эзэмшигчид шилжсэн тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах саналыг шинэ эзэмшигчид тавих.
5.1.3.Даатгагч хууль тогтоомж болон гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн эсвэл түүний зарим хэсгийг олгохоос татгалзах.
5.1.4.Шаардлагатай тохиолдолд даатгалын зүйлийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалтай газар дээр нь очиж танилцах.
5.1.5.Энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу Даатгуулагчид даатгалын үйлчилгээг хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр үзүүлэх.
5.1.6.Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг Даатгуулагчид танилцуулах.
5.1.7.Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хуулийн дагуу гэрээгээр тохиролцсон хэмжээгээр зохих хугацаанд олгох.
5.1.8.Даатгалын тохиолдол болсон үед түүний шалтгаан, нөхцөлийг судлах, эрх бүхий байгууллагаар шалгуулах, шаардлагатай нэмэлт мэдээ, мэдээллийг Даатгуулагчаас гаргуулж авах.
5.1.9.Даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн барагдуулсны дараа, буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжлэх.
5.1.10.Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээнд зааснаас бусад тохиолдолд Даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг хадгалах, бусдад дамжуулахгүй байх.
5.1.11.Даатгалын гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад хүрвэл гэрээ цуцлагдаж буй өдрөөс хойш үлдсэн хугацаанд ногдох даатгалын хураамжаас энэхүү гэрээний 6.3-т заасан дүнг хасч үлдэх хэсгийг Даатгуулагчид буцаан олгоно.
5.1.12.Даатгагч даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль сахиулах байгууллага, Цагдаагийн газар. Онцгой байдлын ерөнхий газар болон бусад мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, акт тогтоолгох.
ЗУРГАА.ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА, ЦУЦЛАЛТ
6.1.Даатгалын гэрээ нь гэрээнд заасан хугацаанд хүчинтэй байна.
6.2.Даатгалын гэрээ нь дараах тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
6.2.1.Гэрээний хугацаа дууссан.
6.2.2.Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
6.2.3.Гэрээнд заасан гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн.
6.2.4.Хуульд заасан бусад үндэслэл.
6.3.Даатгалын гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад хүрвэл гэрээ цуцлагдаж буй өдрөөс хойш үлдсэн хугацаанд ногдох даатгалын хураамжаас гэрээ цуцалсны шимтгэл 25%-ийг хасч үлдэх хэсгийг Даатгуулагчид буцаан олгоно.
6.4.Даатгуулагч даатгалын хугацаанд нөхөн төлбөр авсан тохиолдолд гэрээ цуцлагдах үед энэхүү гэрээний 6.3-д заасан хураамжийг буцаан олгохгүй.
6.5.Даатгуулагч энэ гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон нь илэрвэл гэрээ цуцлагдаж, нөхөн төлбөр авах боломж бүрэн алдагдах ба даатгалын хураамж буцаан олгогдохгүй.
6.6.Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай саналаа нөгөө талдаа ажлын 5 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.
6.7.Нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд Талууд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулан гэрээнд хавсаргана.
6.8.Энэхүү гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд Тал тус бүр 1 хувийг хадгалсан нь хууль эрх зүйн хувьд адил хүчинтэй.
ДОЛОО.МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
7.1.Талууд нь даатгалын гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ тавьж шийдвэрлүүлнэ.
7.2.Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг Талуудын аль нэг нь эс зөвшөөрвөл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
5-р хороо, Үндсэн хуулийн гудамж,
4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com