ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛ ГЭРЭЭ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү гэрээгээр Даатгуулагч нь улсын болон орон нутгийн шинж чанартай морин уралдааны хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг гэнэтийн ослоос даатгуулан хураамж төлөх, Даатгагч нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу нөхөн төлөх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай Монгол улсын хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
ХОЁРДУГААР ЗҮЙЛ. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
2.1.Энэхүү гэрээнд хэргэлсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
2.1.1.“Даатгагч” гэж Монгол улсын Даатгалын тухай хуульд заасны дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан Бодь даатгал ХХК-ийг
“2.1.2.“Даатгуулагч” гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг
2.1.3.“Даатгагдагч” гэж хурдан морь унаач хүүхдийг
2.1.4.“Хурдан морь” гэж азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар уралдуулах зориулалтаар уяж сойсон морийг
2.1.5.“Хурдан морь унаач хүүхэд” гэж Үндэсний Их Баяр Наадмын тухай хуулийн 8-р зүйлд заасан этгээд буюу 7-наснаас дээш насны эцэг, эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авсан сайн дурын үндсэн дээр морь унах хүүхдийг
2.1.6.“Уралдааны зам” гэж унаач хүүхэд, уралдах морины байдлыг бүрэн хангахуйц, мөн морины хурдлах чадварт сөрөг нөлөө үзүүлэхээргүй /хэт өндөр даваа, өргөн гол горхигүй, замын ихэнх нь элс хайрга, чулуугүй уралдааны комиссоос баталсан гараанаас бариа хүртлэх зам/-ыг
2.1.7.“Даатгалын зүйл” гэж даатгагдагчийн амь нас, эрүүл мэнд
2.1.8.“Даатгалын эрсдэл” гэж гэдэгт даатгалын зүйлд хохирол учруулж болох гэрээгээр тохирсон нөхцөл орчныг
2.1.9.“Даатгалын тохиолдол” гэж даатгалын зүйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг
2.1.10.“Даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зүйлийг даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг
2.1.11.“Даатгалын үнэлгээ” гэж даатгуулж буй эд хөрөнгийн болон эдийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийллийг
2.1.12.“Гэнэтийн осол” гэж гэнэтийн, гадны хүчний нөлөөгөөр бие махбодод гэмтэл, бэртэл учруулах гэнэтийн тохиолдол болсон нөхцөл байдлыг
2.1.13.“Яаралтай нүүлгэн шилжүүлэлт” гэж тухайн даатгагчийн амь нас, эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн үед эмчийн зааварчилгаагаар яаралтай эмнэлэгт шилжүүүлэх.
2.1.14.“Эмчилгээний зардал” гэж даатгалын тохиолдлын улмаас зайлшгүй хийлгэх шаардлагтай оношлогоо, эмчилгээ, сувилгаа, сэргээн засах эмчилгээний зардлыг
2.1.15.“Эрх бүхий байгууллага” гэж даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөлд хуулийн дагуу тухайн тохиолдлыг шалгах, шийдвэрлэх байгууллага, албан тушаалтныг
2.1.16.“Хүндэтгэн үзэх шалтгаан” гэж давагдашгүй хүчин зүйл, эсвэл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээг хүчин төгөлдөр болгох, гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлүүд байна.
2.1.17.“Хасалт хэсэг” даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх хууль болон энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг
ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ
3.1 Монгол улсын Үндэсний их баяр наадмын тухай хууль болон холбогдох бусад хуульзүйн актуудад заагдсан зөвшөөрөгдсөн насанд хүрсэн хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь энэхүү даатгалын зүйл байна.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
4.1.Улсын болон орон нутгийн шинж чанартай морины уралдаан, түүний бэлтгэл, сунгааны үеийн бүх төрлийн гэнэтийн осол гэмтэл
4.2.Байгалийн эрслэл /хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, аянга, хээрийн түймэр/
4.3.Ахуйн эрсдэл /юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, хальтрах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хоол, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох, амьтан шавьжинд өртөх, зам тээврийн осолд өртөх/
4.4.Мал маллагаа, амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл /мал, амьтнаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах/
4.5.Техниктэй харьцах үеийн эрсдэл /Автомашин, мотоцикл, унадаг дугуй зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэрэг осол/
ТАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ ХУРААМЖ
Энэхүү гэрээгээр даатгалын үнэлгээг 20 000 000 /хорин сая/ төгрөг байхаар тогтоов.
5.2.Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурах бөгөөд даатгуулагч нь даатгагчтай тохиролцож, зохих хураамжийг нөхөн төлснөөр даатгалын үнэлгээ сэргэнэ.
5.3.Даатгалын хураамжийг талууд харилцан тохиролцож тогтооно.
5.4.Даатгалын хураамж төлөгдсөнөөр гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. ДААТГАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
6.1.Даатгагч дараах эрх эдэлнэ.
6.1.1.Шаардлагтай бол морин уралдааны замтай танилцах, даатгагдагчийн амь нас, эрүүл мэндэд илтэд аюул учрахуйц бол даатгагдагчийг уралдаанд оролцуулахыг хориглох, хойшлуулах
6.1.2.Даатгуулагчийн өгсөн мэдээ, материалын үнэн зөв эсэхийг шалгах, шаардлагатай бол эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах
6.1.3.Даатгалын тохиолдол болсон нөхцөлд газар дээр нь шалгаж танилцах, шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагын туслалцаа авах.
6.1.4.Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулахыг шаардах.
6.1.5.Даатгуулагч даатгалын хураамжийг төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч нөхөн төлбөр олгох үүргээс чөлөөлөгдөх
6.2.Даатгагч дараах үүрэг хүлээнэ.
6.2.1.Даатгуулагчид даатгалтай холбогдолтой хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг танилцуулах
6.2.2.Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тогоосон хугацаа, хэмжээнд олгох
6.2.3.Даатгуулагчид даатгалын баталгааг бичиж олгох
6.2.4.Даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ
6.2.5.Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны эсвэл гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх
ДОЛООДУГААР ЗҮЙЛ. ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
7.1.Даатгуулагч дараах эрх эдэлнэ.
7.1.2.Даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах
7.1.3.Даатгалын нөхцөл, үнэлгээ, хураамжийн хувь хэмжээ, нөхөн төлбөр олгох журмын талаар даатгагчаас нэмэлт тодруулга шаардах
7.1.4.Даатгагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах
7.1.5.Даатгуулагч даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагаар акт тогтоолгох
7.1.Даатгуулагч дараах үүрэг хүлээнэ.
7.1.1.Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгагчтай бүх талаар идэвхитэй хамтран ажиллах
7.1.2.Даатгалын хураамжийг энэхүү гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр Даатгагчид төлөх
7.1.3.Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх
7.1.4.Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах.
7.1.5.Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид (шуурхай албаны 99054800, 70004800, утсуудаар, 328311 факс, албан бичиг зэрэг боломжтой арга хэлбэрээр) нэн даруй мэдэгдэх, шалтгааныг тогтоолгоход оролцуулах, даатгагч оролцох боломжгүй нөхцөлд түүний өгсөн заавар зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч баримтжуулах
7.1.6.Даатгагдагчийг уралдааны зам, сунгаа, бэлтгэлийн үед хамгаалах хэрэгсэл, хувцасаар бүрэн хангах
7.1.7.Даатгуулагч нэг ашиг сонирхлыг хэд хэдэн даатгагчид нэгэн зэрэг даатгуулсан бол энэ тухай даатгагч бүрд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй
НАЙМДУГААР ЗҮЙЛ. НӨХӨН ТӨЛБӨР
8.1.Даатгалын тохиолдол бүрдсэн нөхцөлд даатгуулагчид нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь энэхүү гэрээ болон Иргэний хууль, Даатгалын тухай хуулиар зохицуулагдана.
8.2.Даатгагдагчийн амь нас, эрүүл мэндэд даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн тохиолдолд эмнэлэгийн хуудсыг үндэслэн өвчтэй байсан хугацаанаас хамааруулан эмчилгээний зардлыг дор дурдсан хувиар даатгалын үнэлгээнээс бодож нөхөн төлбөрийг олгоно.
1-20 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол | 5% |
21-40 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол | 10% |
41-60 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол | 18% |
61-80 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол | 22% |
81-90 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол | 40% |
8.2.1.Эмчилгээний зардлын хүрээнд даатгагдагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд асран хамгаалагчийн зардалд зориулж бэлэн мөнгөний нөхөн олговрыг 300 000 төгрөг хүртэл олгоно.
8.3.Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас тахир дутуу болсон бол дараах байдлаар нөхөн төлбөр олгоно. Үүнд:
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах | 100% |
Хоёр нүд хараагүй болох | 100% |
Хоёр мөч үгүй болох | 100% |
Нэг нүд хараагүй болох | 50% |
Нэг мөч үгүй болох | 50% |
Ярих чадвараа алдах | 50% |
Хоёр чих сонсголгүй болох | 50% |
Нэг чих сонсголгүй болох | 20% |
Эрхий хуруугүй болох /хоёр үе/ | 20% |
Эрхий хуруугүй болох /нэг үе/ | 10% |
Ямар нэг хуруугүй болох /нэгээс илүү үе/ | 10% |
Ямар нэг хуруугүй болох/ нэг үе/ | 5% |
Хөлийн эрхий хуруугүй болох | 5% |
Хөлийн ямар нэг хуруугүй болох | 2% |
8.4.Даатгуулагч нь гэнэтийн ослын улсаас тодорхой хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдан, тахир дутуу болсон тохиолдолд 8.2 ба 8.3-р зүйлд заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон давхардуулахгүйгээр аль ихийг нь олгоно
8.5.Яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 10 000 000 /арван сая/ төгрөгт багтаан олгоно.
8.6.Эмчилгээний зардлыг 10 000 000 /арван сая/ төгрөгт багтаан олгоно.
8.7.Даатгагдагч нас барсан тохиолдолд үнэлгээний дээд хэмжээгээр буюу 20 000 000 /хорин сая/ төгрөг олгоно.
8.8.Нөхөн төлбөр олгох хугацаа
8.8.1.Даатгагч нөхөн төлбөр олгоход шаардлагтай баримтуудыг бүрэн хүлээн авсанаас хойш ажлын 10 хоногт багтаан нөхөн төлбөрийг олгоно.
8.8.2.Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд нөхөн төлбөрийн баримт бүрэн бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхгүй.
8.9.Нөхөн төлбөрийн баримт
8.9.1.Нөхөн төлбөрийн нэхэмжлэл, /өргөдөл, хүсэлт/
8.9.2.Даатгалын баталгааны эх хувь
8.9.3.Эмнэлэгийн байгууллагын магадлагаа, тодорхойлолт
8.9.4.Нас барсан тохиолдолд нас барсны гэрчилгээний хуулбар
8.9.5.Шаардлагтай тохиолдолд бусад холбогдох бичиг баримт
8.10.Даатгалын хасалт хэсэг
8.10.1.Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарч болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн.
8.10.2.Даатгагдагч уралдааны замд хамгаалалтын иж бүрэн хувцас өмсөөгүй.
8.10.3.Даатгуулагч хуурч мэхэлсэн болон даатгуулагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
8.10.4.Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлүүлэхээр шүүхэр шийдвэр гарсан.
8.10.5.Даатгуулагч, түүний гэр бүлийн гишүүд, ойрын садан төрлийн хүмүүсийн санаатай үйлдэл нь хохирол гарах шалтгаан болсон нь хуулийн байгууллагаар тогтоогдсон.
8.10.6.Даатгуулагчийн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, хууль дүрмийг ноцтой зөрчсөн.
8.10.7.Монгол улсын хууь тогтоомжид заасан бусад үндэслэл.
ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ.ДААТГАЛЫН ГЭРЭЭ ҮЙЛЧЛЭ ХУГАЦАА
9.1 Энэхүү гэрээний хугацаа нь гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай байх бөгөөд хураамж төлөгдсөнөөр хүчин төгөлдөр үйлчилнэ.
9.2 Гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
9.2.1 Хууль болон гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон.
9.2.2 Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
9.2.3 Даатгуулагч үүргээ гүйцэтгээгүйн улмаас даатгагчийн санаачлагаар гэрээг цуцлах
9.2.4 Даатгагч үүргээ гүйцэтгээгүйн улмаас даатгуулагчийн санаачлагаар гэрээг цуцлах
9.2.5 Хуульд заасан бусад үндэслэл
9.3 Даатгалын гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон нөхцөлд даатгалын хураамжаас гэрээ үйлчилж байсан хугацаанд ногдох хураамж болон үйлчилгээний төлбөрийг хасч тооцон даатгуулагчид даатгалын хураамжийн буцаалт хийгдэнэ.
АРАВДУГААР ЗҮЙЛ.БУСАД
10.1.Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
10.2.Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол улсын Санхүүгийн Зохицуулах Хороонд өргөдөл гаргах бөгөөд уг шийдвэрийг аль нэг тал эсвэл хоёулаа эс зөвшөөрвөл Монгол улсын шүүхэд хандана.
Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com
Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно