БОДЬ ДААТГАЛ ХК НОГДОЛ АШГАА ТАРААЛАА

“Бодь даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ТУЗ-ын хурлын №143/22/02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн.

Бодь даатгал 2020 оны 6 сард IPO гаргаснаас хойш жил бүр ногдол ашиг тарааж байгаа бөгөөд энэ жил 1.2 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилан, 2022 оны 6-р сарын 30-ний өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК –аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.

Ногдол ашгийг 2022 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн дуусах өдрөөр буюу 2022 оны 3 сарын 18-ний байдлаар Бодь Даатгалын хувьцааг эзэмшиж байгаа нийт хувьцаа эзэмшигчдэд олгоно.

2021 онд Монгол улсын  эдийн засгийн бодит өсөлт 1.4% гарсан бол даатгалын салбарын цэвэр хураамж 21.1%-аар өссөн жил боллоо. “Бодь даатгал” ХК нь цахим даатгал, нөхөн төлбөр, оффисийн программууд, технологийн дэвшлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний үр дүнд компанийн ажилчид бүгд зайнаас ажиллах, харилцагч цахимаар даатгал хийлгэх боломж бүрдсэнээр эдийн засгийн хямралыг амжилттай давахад гол нөлөө үзүүллээ. Цэвэр хураамжийн орлого 30% өсч 19.1 т.б (тэрбум) хүрсэн нь даатгалын  салбарын нийт цэвэр хураамжын орлогын 13.8 %-ыг эзэлж байна.

Бодь Даатгал ХК жил бүр тогтмол ногдол ашгийг хуваарилах бодлого баримталдаг бөгөөд Хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа авна уу.