ӨМГӨӨЛӨГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү гэрээгээр даатгагч гэрээний хүчинтэй байх хугацаанд даатгуулагчийн явуулсан өмгөөллийн үйл ажиллагааны явцад гарсан хохирол, зардлыг нөхөн төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Даатгалын гэрээг байгуулснаар даатгагч нь даатгалын гэрээт баталгаа олгоно.
1.3.Гэрээнд даатгуулагчийн иргэний үнэмлэх, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар болон даатгалын мэдүүлгийг хавсаргана.
ХОЁР.НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
2.1.Энэхүү гэрээнд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
2.1.2.“Даатгуулагч” гэж өмгөөлөгчийг.
2.1.3.“Өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас шалтгаалан үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардал” гэж гэрээний дагуу төлөгдсөн өмгөөллийн хөлс, түүнтэй адилтгах төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал, өмгөөлөл, эрх зүйн туслалцаа авахтай холбоотой гарсан зардал (орчуулга, баримт бичгүүдийг хуулбарлах нотариатаар гэрчлүүлэхэд гарсан болон томилолтын гэх мэт)-ыг.
2.1.4.“Хариуцлагын даатгалын үнэлгээ” гэдэгт даатгуулагчийн даатгагчтай тохиролцож гэрээнд заасан хариуцлагын үнэлгээг
2.1.5.“Даатгалын баталгаа” гэдэгт даатгалын зүйл, үнэлгээ, хураамж, хугацааг тусгасан даатгалын гэрээ хийсэн тухайг нотолж даатгуулагчид олгосон баримт бичгийг
2.1.6.“Даатгалын эрсдэл” гэдэгт даатгалын зүйлд хохирол учруулж болох нөхцөл, орчныг
2.1.7.“Даатгалын зүйл” гэдэгт өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас шалтгаалан үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх зорилготой өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлагыг
2.1.8.“Даатгалын хураамж” гэдэгт даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг
2.1.9.“Даатгалын нөхөн төлбөр” гэдэгт гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг
2.1.10.“Өөрийн хүлээх хариуцлага” гэдэгт даатгалын тохиолдлоос үүссэн хохиролд даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ буюу даатгуулагчийн хариуцах мөнгөн төлбөрийн хэмжээг
2.1.11. “Өмгөөлөгчийн үйл ажиллагаа” гэдэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.1-т заасан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас гадна мөн хуулийн 35.1-т заасан өмгөөллийн үйлчилгээг
2.1.12. “Үйлчлүүлэгч” гэж өмгөөлөгчөөс гэрээний дагуу хууль зүйн туслалцаа авагч иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг
2.1.13. “Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа” гэж хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой аливаа үйл ажиллагааг
2.1.14. “Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага” /цаашид “Хуульчдын холбоо” гэх/ гэж хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг
2.1.15. “Улсын тэмдэгтийн хураамж” гэж төрийн эрх бүхий байгууллагаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг /цаашид “тэмдэгтийн хураамж” гэх/.
ГУРАВ.ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ
3.1.Энэхүү гэрээний даатгалын тохиолдол гэдэг нь өмгөөлөгч нь мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үүний улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулахыг ойлгоно.
3.2.Дараах хохирол даатгалын тохиолдолд хамаарахгүй:
3.2.1.Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл
3.2.2.Санаатай учруулсан хохирол
3.2.3.Захиргааны шийтгэл
3.2.4.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны бус хохирол
3.2.5.Энэхүү гэрээний хугацаанд хамаарахгүй хохирол бол
3.2.6.Бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол.
ДӨРӨВ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
4.1.Даатгуулагч нь дараах төрлийн эрсдэлийг даатгуулна. Үүнд:
4.1.1.Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол, зардал
4.1.2.Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсөний улмаас учирсан хохирол, зардал
4.1.3.Өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас, үйлчлүүлэгчид учруулсан хохирол, зардал
ТАВ.ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ БОЛОН ХУРААМЖ
5.1.Даатгалын үнэлгээ болон хураамж дараах хэмжээтэй байна. Үүнд:
Даатгалын хэлбэр | Нийт үнэлгээ | Хураамжийн хувь | Хураамжийн хэмжээ |
---|---|---|---|
Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал | 10.000.000төг | 0.5% | 50.000төг |
5.2.Даатгуулагч нь гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор даатгалын хураамжийг бэлнээр эсвэл бэлэн бусаар даатгагчийн дансанд тушаана.
5.3.Даатгалын хураамж бүрэн төлөгдсөнөөр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно.
ЗУРГАА.ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА, ТҮҮНИЙГ ДАХИН СУНГАХ НӨХЦӨЛ
6.1.Гэрээний аль нэг тал нь гэрээний хугацааг сунгахыг хүсвэл гэрээний хугацаа дуусахаас хуанлийн 14 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ.
6.2.Хэрэв талууд гэрээ сунгах талаар санал гаргаагүй боловч даатгуулагч нь даатгалын хураамжийг төлсөн тохиолдолд хураамж төлсөн хэмжээнд хувь тэнцүүлэн тооцсон хугацаагаар энэ гэрээг сунгагдсанд тооцно.
ДОЛОО.ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
7.1.Даатгагч дараах эрх эдэлнэ:
7.1.1.Даатгагч нь нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай гэрээнд заасан мэдээллийг даатгуулагч, үйлчлүүлэгчээс шаардах
7.1.2.Гарсан хохирлыг шалгах, хохирол гарсан шалтгаан, хохирлын хэмжээг тогтооход оролцох
7.1.3.Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл үүссэн тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах
7.1.4.Даатгуулагч даатгалын тухай хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг Даатгуулагчаас шаардах
7.1.5.Даатгуулагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах.
7.2.Даатгагч дараах үүрэг хүлээнэ:
7.2.1.Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах
7.2.2.Даатгалын гэрээ байгуулахын өмнө даатгуулагчийн мэргэжил эзэмшсэн байдал болон бусад мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулах
7.2.3.Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох
7.2.4.Даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох
7.2.5.Даатгагч даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох холбогдон гарах зардлыг хариуцах
7.2.6.Даатгалын гэрээний хугацаанд бий болсон уг гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөх
7.2.7.Даатгалын гэрээ байгуулсан даруйд гэрээ байгуулсныг гэрчлэх даатгалын баталгааг даатгуулагчид өгөх
7.2.8.Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх.
НАЙМ.ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
8.1.Даатгуулагч дараах эрх эдэлнэ:
8.1.1.Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах
8.1.2.Даатгагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах.
8.2.Даатгуулагч дараах үүрэг хүлээнэ:
8.2.1.Даатгалын хураамжийг хууль гэрээгээр тогтоосон хугацаанд бүрэн төлөх
8.2.2.Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв өгөх
8.2.3.Даатгалын тохиолдол бий болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах
8.2.4.Даатгалын тохиолдол бий болсон үед даатгалын нөхөн төлбөр авахад шаардагдах баримт материалыг тухайн тохиолдол болсноос хойш 1 сарын дотор даатгагчид ирүүлэх
8.2.5.Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх
8.2.6.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон өмгөөлөгч, хуульчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
8.2.7.Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах.
ЕС.ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ НӨХЦӨЛ
9.1.Энэхүү гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл үүссэнээс бусад тохиолдолд даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч, даатгалын нөхөн төлбөрийг олгоно.
9.2.Даатгуулагч өмгөөлөгчийн хөлсөнд хамаарах нөхөн төлбөрийн 50 хувь, бусад нөхөн төлбөрийн 10 хувийг өөрөө хариуцна.
9.3.Даатгагч үйлчлүүлэгчийн учирсан хохирлын хэмжээг дараах журмын дагуу тодорхойлно:
9.3.1.Үйлчлүүлэгч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу
9.3.2.Үйлчлүүлэгчид учирсан хохирлын хэмжээний талаар үйлчлүүлэгч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр
9.3.3.Үйлчлүүлэгчийн учирсан хохирлын хэмжээний талаар үйлчлүүлэгч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.
9.4.Үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдсон тохиолдолд энэ гэрээний 9.1-д заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг үйлчлүүлэгчид олгоно.
9.5.Хэд хэдэн үйлчлүүлэгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ гэрээнд заасан хэмжээнээс хэтэрсэн бол үйлчлүүлэгч тус бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.
9.6.Даатгалын тохиолдлын улмаас үйлчлүүлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед хариуцлагын хэмжээгээр нөхөн төлбөрийг хязгаарлана.
9.7.Даатгалын тохиолдлын улмаас үүссэн шүүхийн зардлыг шүүхийн шийдвэр, өмгөөллийн үйлчилгээ авахтай холбогдуулан гарсан бусад зардлыг холбогдох баримтыг тус тус үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан, Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр даатгуулагчид олгоно.
9.8.Даатгагч нь энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу дараах баримтыг үндэслэн нөхөн төлбөрийг олгоно. Үүнд:
9.8.1.Даатгалын гэрээ
9.8.2.Даатгуулагчийн өргөдөл
9.8.3.Шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо болон мэргэжлийн даатгалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Хуульчдын холбооны дэргэдэх хорооны тодорхойлолт буюу дүгнэлт
9.8.4.Энэ гэрээнд заасан шаардлагатай бусад баримт бичиг.
9.9.Даатгагч нь хуульд заасны дагуу задруулахыг хориглосон хувь хүний болон байгууллагын нууц, өмгөөллийн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээллийг шаардахгүй.
9.10.Дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана. Үүнд:
9.10.1.Даатгуулагчийн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас учруулсан хохирол
9.10.2.Даатгуулагч нь эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас учруулсан хохирол
9.10.3.Даатгуулагчийн болон үйлчлүүлэгчийн санаатай зохион байгууллалттай үйлдлийн улмаас гарсан хохирол
9.10.4.Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол
9.10.5.Энэхүү гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол
9.10.6.Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх нь түдгэлзсэн, хүчингүй болсон үедээ өмгөөллийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд үүсэх хохирол
9.10.7.Хэрэгт ач холбогдолтой бүх зүйлийг нуун дарагдуулсан, өөрөө саад хийсэн, татгалзсан, хойшлуулсан, тэднээс шалтгаалах нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол
9.10.8.Даатгалын хураамжаа гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байх үед үйлчлүүлэгчид учруулсан хохирол
9.10.9.Даатгуулагч болон үйлчлүүлэгчдэд учирсан эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол
9.10.10.Даатгалын гэрээний хугацаа үйлчилж эхлэхээс өмнө үүссэн мэргэжлийн алдаа дутагдлаас үүдэлтэй хохирол, түүний үр дагаврууд
9.10.11.Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол
9.10.12.Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол
9.10.13.Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол
9.10.14.Давагдашгүй хүчин зүйлсээс үүссэн хохирол, түүний үр дагаврууд.
9.11.Даатгагч нь энэ зүйлд заасны дагуу даатгалын тохиолдолд үл хамаарах нөхцөлийг нотлох буюу шүүхээр тогтоолгох бөгөөд хэрэв энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд даатгалын нөхөн олговорыг олгоно.
АРАВ.НӨХӨН ТӨЛБӨРИЙГ БУЦААН НЭХЭМЖЛЭХ ҮНДЭСЛЭЛ
10.1.Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:
10.1.1.Үйлчлүүлэгчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол буруутай этгээдээс
10.1.2.Даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагчаас
10.1.3.Хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс.
АРВАН НЭГ.ГЭРЭЭНИЙ НУУЦЛАЛ
11.1.Талууд гэрээний хугацаанд ажил үүргийн шаардлагаар олж мэдсэн, эзэмшиж, ашиглаж байсан баримт бичиг, мэдээ материал болон Талуудын бизнесийн ашиг сонирхолд шууд болон шууд бус хамааралтай, үйлчлүүлэгчийн болон даатгуулагчийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, даатгалын хэмжээ, төлбөр, тооцоо, бусад үзүүлэлтүүд, өмгөөллийн болон үйлчлүүлэгчийн нууцыг хугацаагүй хадгална.
11.2.Гэрээнд зааснаас бусад асуудлаар Талууд өөр хоорондын болон үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн хөндлөнгийн аливаа үйлдэл хийхгүй байх үүрэгтэй.
АРВАН ХОЁР.ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА
12.1.Хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг Даатгуулагчид төлнө.
12.2.Даатгалын гэрээг дараах үндэслэлээр нэг талын санаачилгаар цуцална. Үүнд:
12.2.1.Даатгуулагч нь даатгалын хураамжийг төлөх хугацааг хуанлийн 3 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд гэрээг цуцлах саналыг Даатгагч нь Даатгуулагчид хүргэх бөгөөд энэхүү мэдэгдлийг Даатгуулагч хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор төлбөл зохих даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдолд Даатгагчийн санаачилгаар
12.2.2.Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөлийг ихэсгэсэн, энэ талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй бол даатгагчийн санаачлагаар
12.2.3.Даатгалтай холбоотой баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хууль бус баримт бичиг бүрдүүлсэн бол даатгагчийн санаачилгаар
12.2.4.Энэхүү гэрээний 11 дүгээр зүйлд заагдсан үүргийг зөрчиж нууцлалыг задруулснаас гэрээний аль нэг талын ашиг сонирхолд хохирол учирсан буюу учирч болох нөхцөл байдал бүрдсэн бол хохирол учирсан талын санаачилгаар
12.2.5.Даатгагчийн санхүүгийн чадавх илт буурсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тодорхойлогдсон бол даатгуулагчийн санаачилгаар.
12.3.Даатгалын гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагавар:
12.3.1.Гэрээний аль нэг тал энэхүү гэрээний 12 дугаар зүйлд заагдсан гэрээний нууцлалыг задруулсны улмаас гэрээний нөгөө талд хохирол учирсан тохиолдолд учирсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
12.3.2.Даатгуулагчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлахад хүрвэл даатгуулагчийн төлсөн хураамжийг гэрээ цуцлах хүртэл хугацаанд хувь тэнцүүлэн Даатгуулагчид буцаан төлнө. Хэрэв, даатгалын нөхөн төлбөр олгосон байх үед даатгуулагчийн санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалбал даатгалын нийт хураамжаас орлогод тооцсон хураамжийг хасаж, үлдэх хэсгийг энэ хэсэгт заасан хэмжээгээр олгоно.
12.3.3.Даатгагчийн санаачлагаар гэрээг цуцалбал даатгалын нийт хураамжаас орлогод тооцсон хураамж болон үйл ажиллагааны зардалд хураамжийн 10 хувийг хасаж, үлдэх хэсгийг даатгуулагчид эргүүлэн олгоно.
12.3.4.Гэрээний аль нэг тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнээс татгалзах эрхгүй.
12.3.5.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас талууд харилцан тохиролцож гэрээг цуцлах бол санал гаргагч тал энэ тухай үндэслэл бүхий саналыг 1-ээс доошгүй сарын өмнө нөгөө талдаа бичгээр гаргана.
12.3.6.Гэрээний аль нэг тал гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсанаас нөгөө талд учирсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
12.3.7.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал,
эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээг хүчин төгөлдөр болгох, гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ
АРВАН ГУРАВ.ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НӨХЦӨЛ
13.1.Энэхүү гэрээ нь дараахь тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
13.1.1.Гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон
13.1.2.Даатгагч нь дампуурсан, татан буугдсан
13.1.3.Даатгуулагчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хүчингүй болсон
13.1.4.Даатгуулагч нь нас барсан
13.1.5.Даатгагч тал гэрээнд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн
13.1.6.Талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан.
13.2.Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын нөхцөл, журмыг тодорхойлох эрх бүхий этгээдээс өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээний нөхцөлийг тогтоон, нийтээр мөрдүүлэхээр шийдвэрлэсэн бол энэ гэрээг тухайн нөхцөлд тохируулан өөрчилнө.
13.3.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх бүхий этгээдээс тогтоосон хариуцлагын даатгалын доод хэмжээ нь энэ гэрээнд заасан хэмжээнээс их болсон бол даатгуулагч хураамжийн хэмжээг нэмж төлнө.
13.4.Хураамжийн хэмжээг энэ гэрээнд зааснаас багаар тогтоосон бол зөрүүг даатгуулагчид буцаан олгоно. Хураамжийн зөрүүг шийдвэрлэх асуудлаар харилцан тохиролцож, энэ хэсэгт зааснаар өөрөөр шийдвэрлэж болно.
Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com
Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно