ЗУСЛАНГИЙН БАЙШИНГИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Энэхүү гэрээгээр даатгуулагч гэрээнд тусгагдсан эд хөрөнгийг даатгуулан гэрээгээр тохиролцсон хэмжээ, хугацаанд даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу нөхөн төлөх харилцааг зохицуулна.
2. Даатгагч болон даатгуулагч нар гэрээнд тусгагдсан нөхцөлийг нэг бүрчлэн харилцан тохиролцож гэрээг байгуулсан бөгөөд талууд гарын үсэг зурж, даатгалын хураамж төлсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
3. Гэрээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ.
4. Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
ХОЁРДУГААР ЗҮЙЛ.НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
Энэхүү гэрээнд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.“Даатгагч” гэж Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын vйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь Даатгал” ХХК-ийг.
2.“Даатгуулагч” гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зvйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг
3.“Даатгагдагч” даатгалын гэрээгээр ашиг сонирхол нь хамгаалагдсан этгээд
4.“Даатгалын баталгаа” гэж даатгуулагчийн гэрээний хамт даатгуулагчид олгох баталгаа бичиг, сертификат.
5.”Даатгалын зүйл” гэж энэ гэрээнд заасан даатгуулагчийн эд хөрөнгийг.
6.”Даатгалын эрсдэл” гэдэгт даатгуулсан зүйлд хохирол учруулж болох гэрээнд заасан нөхцөл, орчныг.
7.“Даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зvйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бvрдэхийг.
8.“Даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг.
9.“Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол vvссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг.
10.“Давхар даатгал“ гэж даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгахыг.
11.“Даатгалын үнэлгээ” гэж даатгуулж байгаа эд хөрөнгийн болон эдийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийллийн хэмжээг.
12.“Бүрэн сүйрэл” гэж даатгалын зүйл нөхөн сэргээгдэх, засварлагдах боломжгүй буюу нөхөн сэргээгдэх зардал нь даатгалын үнэлгээнээс хэтэрсэн, түүний салгаж болох эд ангийн хувьд сэргээн засварлах боломжгүй бол шинээр солих тохиолдлыг ойлгоно.
13.“Өөрийн хүлээх хариуцлага” гэж учирсан хохиролд даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ.
14.“Нөхөн сэргээх үнэлгээ” гэж даатгалын зүйл нөхөн сэргээгдэх, засварлагдахад гарах шууд зардлыг.
15.“Нөхөн төлбөртэй холбогдон гарах зардал” гэж даатгалын зүйлийг сэргээн засварлахтай холбогдон гарах шууд бус зардлыг.
16.“Элэгдэл” гэж даатгалын зүйлийг хэвийн ашиглалтын явцад ердийн элэгдэл, хорогдлыг зөвхөн хугацаанаас хамааран хорогдуулсан тооцсон өртгийг.
17.“Бодит үнэ” гэж даатгалын зүйлийн анхны үнээс элэгдэл хассан үнийг.
18.“Ноцтой нөхцөл байдал” гэж даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох нөхцөл байдал буюу даатгалын зүйлд эрсдэлийн үнэлгээг дахин хийх шаардлагатай нөхцөл байдал.
19.“Хүндэтгэн үзэх шалтгаан” гэж давагдашгүй хүчин зүйл, эсвэл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээг хүчин төгөлдөр болгох, гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлүүд байна.
20.“Гуравдагч этгээд” гэж даатгуулагч, хамтран даатгуулагчаас бусад этгээдийг.
21.“Хамтран даатгуулагч” гэж даатгуулагчийн гэр бүлийн баталгаатай эхнэр/нөхөр, гэр бүлийн гишүүн болон 18 хүртэлх насны хүүхэд, даатгалын нөхөн төлбөр авах эрхээс бусад эрх, үүргийг даатгуулагчийн нэгэн адил хүлээх даатгуулагч байгууллагын үндсэн ажилтнуудыг
ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ
1.Байгууллага, иргэдийн өмчлөл (эзэмшил, ашиглалт)-д байгаа дараах эд хөрөнгийг даатгана. Үүнд:
– Үйлдвэрийн ба үйлдвэрийн бус зориулалттай барилга, байгууламж.
– Орон сууц, амины орон сууц, зуслангийн байшин
– Цахилгаан болон электрон тоног төхөөрөмж
– Ажлын болон хүчний машин, тоног төхөөрөмж
– Тавилга, эд хогшил
– Бэлэн бүтээгдэхүүн, бараа сэлбэг хэрэгсэл
– Гэрээгээр тохиролцсон бусад хөрөнгө
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
Даатгуулагч өөрийн эзэмшлийн хөрөнгийг гэрээнд заасан эрсдэлээс даатгуулан гэнэтийн шинжтэй биет хэлбэрийн бодит хохирол учирч даатгалын тохиолдол үүсэхэд нөхөн төлбөр авна.
1.Даатгалын зүйлийг дор дурдсан эрсдэлээс даатгана. Үүнд:
Үндсэн эрсдэл
1.1.Гал
1.2.Тэсрэлт, дэлбэрэлт
1.3.Байгалийн эрсдэл
1.4.Сантехникийн шугам хоолойн гэмтлээс шалтгаалж учирсан хохирол
1.5.Цахилгааны гэмтэл
1.6.Эрчим хүчний нөлөөлөл; хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт (зөвхөн цахилгаан болон электрон тоног төхөөрөмжинд хамаарна);
Нэмэлт эрсдэл (нэмэлт хураамжтай)
1.7.Хулгай, дээрэм, түүнээс үүдэлтэй хохирол
1.8.Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл; (нэр Томьёо)
ТАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ
1.Даатгалын зүйлд энэхүү гэрээний 4-д заасан эрсдэлийн улмаас хохирол учирсан бол даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ.
2.Даатгалын зүйлд хохирол учруулсан анхдагч шалтгааныг даатгалын зүйлд хохирол учруулсан эрсдэл гэж үзнэ.
ЗУРГАДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ
1.Даатгалын үнэлгээ нь даатгалын зүйл тус бүрээр тухайн зах зээлийн үнийг үндэслэх бөгөөд гэрээнд зах зээлийн үнэлгээгээр даатгуулж, энэхүү үнэлгээ нь нөхөн төлбөрийн дээд хязгаар байна.
2.Даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс бага бол зах зээлийн үнэд эзлэх хэмжээгээр хувь тэнцүүлэн нөхөн төлбөрийг олгох үндэслэл болно.
2.Даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс бага бол зах зээлийн үнэд эзлэх хэмжээгээр хувь тэнцүүлэн нөхөн төлбөрийг олгох үндэслэл болно.
3.Даатгалын хугацаанд даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ гэрээний үлдэх хугацаанд нөхөн төлбөр авсан хэмжээгээр буурах бөгөөд зохих хураамжийг төлсний үндсэн дээр даатгалын үнэлгээг дахин сэргээж болно.
4.Хэрэв талууд хураамжийг нэг удаагийн төлөлтөөр буюу бүтнээр төлөхөөр тохиролцсон бол даатгуулагч нь хураамжийн зарим хэсгийг төлсөн байхыг даатгалын хураамж төлөгдөөгүйтэй адилтган үзнэ.
ДОЛДУГААР ЗҮЙЛ. ХУГАЦАА
1.Энэхүү гэрээний хугацаа нь гэрээнд заасан хугацаа байх бөгөөд 1 /нэг/ жилээс хэтрэхгүй байна.
2.Даатгуулагч даатгалын хураамжийг төлснөөр даатгал хүчин төгөлдөр болж, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгоогүй бол гэрээнд заасан хугацаа хүртэл үргэлжилнэ.
НАЙМДУГААР ЗҮЙЛ. НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ
Даатгалын тохиолдол бий болсон бол нөхөн төлбөрийг дараах байдлаар олгоно.
1.1.Даатгалын тохиолдлын үед даатгалын зүйл бүрэн сүйрсэн байвал даатгалын үнэлгээнээс хуримтлагдсан элэгдлийг хассан дүнгээр төлнө.
1.2.Даатгалын зүйл болон түүний салгаж болох эд анги нь бүрэн сүйрсэн бол даатгуулагч даатгалын зүйлийн үлдэгдэл, солигдох эд ангийг даатгагчид шилжүүлнэ.
1.3.Даатгалын зүйлийг сэргээн засварлах боломжтой бол уг зүйлийг даатгалын тохиолдлоос өмнөх үеийн байдалд сэргээх засварын зардлыг төлнө. Хэрвээ сэргээн засварлах үнэ даатгагдсан үнэлгээнээс давахаар бол даатгалын зүйлийг бүрэн сүйрсэнд тооцон 8.1.1-т заасан нөхцөлийг баримтлан нөхөн төлбөрийг олгоно.
1.4.Хэрвээ даатгалын зүйлийн даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс бага бол түүнийг зах зээлийн үнэлгээнд эзлэх хэмжээгээр хувь тэнцүүлэн нөхөн төлбөрийг олгоно.
2.Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй байна гэж үзвэл өөрөө хохирлын хэмжээг тодорхойлон даатгуулагчтай зөвшилцөж болно. Талууд ийнхүү тохиролцоонд эс хүрвэл Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Хэрэв уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бол гуравдагч үнэлгээний байгууллагаар дахин үнэлүүлэх бөгөөд дахин үнэлүүлэхтэй холбогдсон зардлыг талууд адил тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна.
3.Талууд гэрээний үндсэн нөхцөлд заасан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагыг хасч даатгалын нөхөн төлбөрийг олгоно.
4.Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
5.Даатгалын тохиолдолтой холбоотой маргааныг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлэж буй тохиолдолд гэрээний 8.4-д заасан хугацааг баримтлахгүй ба эрх бүхий байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
6.Даатгагчаас даатгалын баримтыг бүрэн гүйцэд хүлээж авсан боловч даатгалын тохиолдлыг шалгах зорилгоор даатгуулагч болон холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хандсан бол 8.4-д заасан хугацааг дахин ажлын 10 өдрөөр сунгаж, энэ талаар даатгагчид мэдэгдэнэ.
7.Талууд тодорхой нөхцөл болзол биелэгдсэн тохиолдолд даатгалын үнэлгээний тодорхой хувиар тооцох, эсвэл даатгуулагч, даатгагдагчаас гарсан зардлаар тооцон нөхөн төлбөр олгохоор тохиролцож болно.
8.Аливаа том хэмжээний осол, даатгалын тохиолдлын үед
– Даатгалын тохиолдол бүрдсэн үед (аливаа томоохон хэмжээний ослын үед) талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллуулах ба комиссын бүрэлдэхүүнд даатгалын мэргэжилтэн, инженер-техникийн мэргэжилтэн, даатгуулагч байгууллагын төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
– Томилогдсон комисс даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган шинжлэн судалж, хохирлын шалтгааныг тогтоосон актыг үйлдэнэ.
ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭХ
1.Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсноос хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.
2.Даатгуулагч нь нөхөн төлбөрийг нэхэмжлэхдээ дараах баримтуудыг бүрдүүлэн өгнө:
i) Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл (хувь хүн), хуулийн этгээдийн албан бичиг
ii) Даатгалын гэрээний хуулбар, даатгалын баталгаа
iii) Даатгалын зүйлд учирсан хохирлын үнэлгээ, зардлын баримт (Е-баримт)
iv) Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
v) Шаардлагатай бол даатгалын тохиолдол үүссэн шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт
vi) Даатгагчаас шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал
3.Хэрэв гэрээний 9.2.5-т заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолтыг гаргахад хугацаа шаардлагатай бол уг тодорхойлолт гаргаснаас хойш 9.1-д заасан хугацаа тоологдож эхэлнэ.
АРАВДУГААР ЗҮЙЛ. ШААРДАХ ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ
1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
2.Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.
3.Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжилнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ
1. ДААТГАГЧИЙН ЭРХ
1.1 Даатгалын тохиолдол бий болоход хүргэсэн шалтгаан, нөхцөлийг судлах, учирсан хохирлыг газар дээр нь шалгасан, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан акт, хохирлын хэмжээг тогтоосон баримттай танилцах, шаардах
1.2 Даатгалын зүйлийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалтай шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж танилцах
1.3 Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулахыг шаардах
1.4 Даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн, даатгалын зүйлд даатгалын эрсдэл тохиолдох боломж энэхүү гэрээг байгуулах үеэс нэмэгдсэн, ийнхүү нэмэгдэх нөхцөл орчин бүрдсэн тохиолдолд даатгалын хураамжийн хувь хэмжээг ихэсгэх буюу гэрээг цуцлах саналаа даатгуулагчид тавих
1.5 Нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд даатгалын зүйлийн үлдэгдэл болон солигдох эд ангийг даатгуулагчаас шаардах.
2.ДААТГАГЧИЙН ҮҮРЭГ
2.1.Даатгалын тохиолдол бий болсныг даатгуулагчаас нэн даруй мэдэгдсэн үед газар дээр нь очиж тохиолдол үүссэн шалтгаан, учирсан хохирлын хэмжээг тогтооход оролцох, оролцох боломжгүй нөхцөлд даатгалын тохиолдол бий болоход хүргэсэн шалтгааныг тогтоох, баримтжуулах талаар зөвлөгөө өгч, тэмдэглэл хөтөлж, нөхөн төлбөр төлбөрийн баримт материалыг бүрэн гүйцэд хүлээн авах
2.2.Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох
2.3.Нөхөн төлбөр олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэх
2.4.Хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх
2.5.Тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгуулагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах
2.6.Даатгуулагч татан буугдсан, дампуурсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх
3.ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ
3.1.Даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах
3.2.Даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг нөхөн төлбөр дээр нэмж олгохыг даатгагчаас шаардах
3.3.Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах
3.4.Даатгалын нөхцөл, үнэлгээ, хураамжийн хувь хэмжээний талаарх мэдээлэл, нэмэлт тодруулга шаардах
3.5.Даатгуулагч даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагаар акт тогтоолгох
3.6.Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах.
4.ДААТГУУЛАГЧИЙН ҮҮРЭГ
4.1.Даатгалын хураамжийг энэхүү гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр даатгагчид төлөх
4.2.Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд энэ тухай даатгагчид 30 хоногийн дотор мэдэгдэх
4.3.Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материал, Даатгалын тохиолдол бий болсон үед энэхүү гэрээнд тусгагдсан баримт, материалыг өөрийн зардлаар үнэн зөв бүрдүүлэн, даатгагчид гаргаж өгөх
4.4.Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах
4.5.Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид (шуурхай албаны 99054800, 70004800, иймэл, албан бичиг зэрэг боломжтой арга хэлбэрээр) нэн даруй (хамгийн ойрын боломжит хугацаанд буюу тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч 12 цаг хүртэл хугацаанд) мэдэгдэж даатгагч ослын газарт ирэх хүртэл даатгалын зүйлийг ослын үеийн байдлаар хадгалах
4.6.Даатгалын тохиолдлын шалтгааныг тогтооход даатгагчийг оролцуулах, даатгагч оролцох боломжгүй нөхцөлд түүний өгсөн заавар зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч даатгалын тохиолдлыг баримтжуулах
4.7.Даатгалын тохиолдол бий болсон үед энэхүү гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгагчид бүрэн гүйцэд, хууль зүйн дагуу бүрдүүлэн, даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоногийн дотор хүлээлгэн өгөх
4.8.Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон нөхцөл байдал болон даатгалын тохиолдол бий болох таагүй нөхцөл орчин бүрдсэн тухай даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
4.9.Даатгуулагч хариуцлагын даатгалтай бол өөрийн гэм бурууг даатгагч, хөндлөнгийн эрх бүхий этгээдээр тогтоолгох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэхгүйгээр бусдын өмнө хариуцлага хүлээхгүй.
АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ, ЦУЦЛАХ
1.Дараах тохиолдолд гэрээг дуусгавар болсон гэж үзнэ.
1.1.Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон.
1.2.Даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан.
1.3.Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон.
1.4.Даатгалын зүйл шүүхийн шийдвэрээр хураагдсан.
1.5.Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон.
1.6.Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
1.7.Даатгалын зүйл даатгалын тохиолдлоос бусад шалтгаанаар устаж үгүй болсон.
2.Гэрээний аль нэг тал нь гэрээг дуусгавар болгохоор бол нөгөө талдаа албан ёсны хаягаар 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд уг хугацаанд гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг хүлээн авсан тал хариу өгөөгүй эсхүл гэрээ дуусгавар болгохыг зөвшөөрсөн бол гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож даатгагч нь даатгалын үлдсэн хугацаанд ногдох хураамж болон үйлчилгээний төлбөр болох 15 хувийг суутган авч үлдэх хураамжийг буцаан олгоно.
3.Хэрэв даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч нь нөхөн төлбөр авсан, эсхүл гэрээ байгуулснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн бол даатгагч нь 12.2-т заасан хураамжийн буцаалт хийхгүй.
4.Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн болон даатгуулагч нь 11.4.8-д заасны дагуу гэрээ цуцалж болох ноцтой нөхцөл байдлын талаар мэдээлээгүй бол даатгагчаас гэрээг цуцалж, хураамжийн буцаалт хийхгүй.
5.Даатгалын тохиолдол бий болсноос хойш даатгагч гэрээ цуцлахаар мэдэгдсэн бөгөөд даатгуулагч ноцтой нөхцөл байдлын талаар заавал мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь даатгалын тохиолдол бий болох болон даатгагчаас үүргээ биелүүлэхэд нөлөөлөөгүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.
АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ. НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ
Бид доорх тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана. Үүнд:
1.Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл бүрдсэн
2.Урьдчилан таамаглаагүй бизнесийн саатал, ашгийн алдагдал, үр дагавраас үүдэн гарах хохирол, санхүүгийн алдагдал
3.Жижиг хулгай, учир битүүлгээр алга болох /ямар нэг баримт нотолгоогүй/
4.Дангаар хийгдсэн бизнесийн тасалдлын даатгал. Эд хөрөнгийн даатгалын үнэлгээний 20%-д хамаарах ба 14 хоногийн эхний доод хэмжээний өөрийн хүлээх хариуцлагатай цуг бичигдсэн бизнес тасалдал байна. Бизнес тасалдлын даатгалын хураамж хөрөнгийн даатгалын хураамжаас багагүй байна.
5.Гэрээнд нэмэлтээр тусгаагүй бол хөрөнгийн тээвэрлэгдэж байх үеийн эрсдэл, ачаа тээврийн даатгалын холбогдох хохирол
6.Зураг, уран зураг, урлагийн эртний бүтээл, хөгжмийн зэмсэг, цуглуулга. файл, программ, бэлэн мөнгө, марк, үнэт цаас, чек гэх мэт зүйлд учрах хохирол
7.Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, зэврэлт, исэлдэл ууршилт, алдаатай эх сурвалж, далд дефект, үйлдвэрийн гэмтэл зэрэг тухайн хөрөнгө, бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол, гэмтэл.
8.Даатгуулагч гал, эрчим хүч, ус, дулаан, цахилгаан, сантехник ашиглалт, аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, ашиглах дүрэм, заавар, стандарт зөрчсөнөөс үүссэн хохирол
9.Үйлдвэрлэлийн дефекттэй холбоотой үйл ажиллагааны болон ур хийцийн алдаа, алдаатай зураг төсөл, зөвшөөрөлгүй шинэчлэн боловсруулсан барилгын зураг төсөл
10.Хөрөнгийн тооллого, бараа материалын бүртгэлийн үед гарах дутагдал, хорогдол
11.Хөрөнгийн даатгалтай холбоогүй эрсдэл, даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон тохиолдол
12.Шалгаагүй ба баталгаажуулаагүй технологи ашигласан, шалган турших, судалгаа, шинжилгээний ажлын явцад учирсан хохирол
13.Даатгалын зүйлийн баталгаат хугацааны аливаа эвдрэл гэмтэл, хохирол
14.Авто тээврийн хэрэгсэл, түүний хариуцлагын даатгал
15.Хүний үйл ажиллагаанаас хамааралтай хөрсний нуралт, цөмрөлт
16.Дайн, зэвсэгт бослого, дотоодын үймээн самуун, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн
17.Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны хордлого мөн асбестос бодис ашигласнаас учирсан хохирол
18.Буруутай этгээдээс хохирол шаардах эрхээсээ татгалзсан
19.Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж өгөх 90 хоногийн хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн эсхүл гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй.
20.Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. БУСАД
1.Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжид заагдсан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.
2.Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг энэхүү гэрээнд зөвхөн бичгээр оруулж гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөрт тооцно.
3.Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Монгол улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.
ДААТГАЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Даатгалын тохиолдлын үед яаралтай авах арга хэмжээ:
Эд хөрөнгийн хохирлын үед даатгуулагч дараах арга хэмжээг нэн даруй авна:
– Даатгагчид нэн даруй мэдэгдэнэ
– Холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх (цагдаа, гал түймэртэй тэмцэх алба болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд)
– Хохирлыг багасгах бусад бүх үйл ажиллагааг авах
– Даатгагчид хохирлын талаарх дараах баримт мэдээллийг явуулна:
a.Гарсан хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бичгээр
b.Гэрчлэх баримт, бусад холбогдох материалыг
c.Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын үнэлэлт, дүгнэлт
Даатгалын нөхөн төлбөр олгох материал дутуу, хангалттай биш гэж үзсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгох хугацааг хойшлуулах эрхтэй.
Гэмтэл бэртэлтэй холбоотой гэнэтийн ослын үед авах арга хэмжээ
1.Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлын үед шаардагдах түргэн тусламжийг яаралтай үзүүлэх түргэн тусламж, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх
2.Даатгалын тохиолдол болсон газар боломжтой бол:
– Холбогдох баримт нотолгоо болох эд зүйлийг шинжлэн дүгнэх, шуурхай албаны хүмүүс иртэл хөндөхгүй, хэвээр байлгах
– Түүнд оролцсон болон гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр авах
– Тохиолдол болсон цаг хугацаа, газар, хэн бэртэж гэмтсэн, нас барсан, ямар зүйл хохирсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл
– Ямар ч хохирлын үед шуурхай албанд нэн даруй яаралтай мэдэгдэж байх
3.Хохирлын нэхэмжлэлийг хүлээн авах, шийдвэрлэх, даатгалын тохиолдлын үед түргэн шуурхай ажиллах 24 цагийн дуудлага хүлээн авах үүргийг Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн газрын “Шуурхай Алба” гүйцэтгэнэ.
Бодь Даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн алба
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 – 2 тоот Таван Өндөр Төв
Утас: 976-11-70004800
Email: claim@bodi-insurance.com
Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно