“ЖОЛООЧИЙН СУУДЛЫН ГЭНЭТИЙН ОСЛЫН” ДААТГАЛЫН ГЭРЭЭ
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү гэрээгээр нэг талаас даатгуулагч нь амь нас, эрүүл мэндээ гэнэтийн ослоос даатгуулан даатгалын хураамж төлөх, нөгөө талаас даатгагч даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр олгох, болон тэдгээртэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.
1.2 Хоёр тал энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.3 Энэхүү даатгалын хамгаалалт Монгол Улсын газар нутагт үйлчилнэ.
ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
2.1 “Даатгагч” гэж даатгалын тухай хуулийн дагуу даатгалын vйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь Даатгал” ХК-ийг;
2.2 “Даатгагдсан автомашин” гэж Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд заагдсан тээврийн хэрэгслийг ойлгоно.
2.3 “Даатгалын үнэлгээ” гэж даатгуулж байгаа эд хөрөнгийн болон эдийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийллийн хэмжээг;
2.4 “Өөрийн хүлээх хариуцлага” гэж учирсан хохиролд даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ;
2.5 “Нөхөн сэргээх үнэлгээ” гэж даатгалын зүйл нөхөн сэргээгдэх, засварлагдахад гарах шууд зардлыг;
2.6 “Нөхөн төлбөртэй холбогдон гарах зардал” гэж даатгалын зүйлийг сэргээн засварлахтай холбогдон гарах шууд бус зардлыг;
2.7 “Гэнэтийн осол” гэдэгт гэнэтийн, хүлээгдэж байгаагүй, санамсаргүй, гадны хүчний нөлөөгөөр бие махбодид гэмтэл, бэртэл учруулах гэнэтийн тохиолдол болсон нөхцөл байдлыг;
2.8 “Хөдөлмөрийн чадвар түр алдалт” гэдэгт даатгуулагч буюу даатгагдсан этгээд гэнэтийн ослын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон байнгын амбулторын хяналтанд байсан хуанлийн 90 хүртэлх хоногийг;
2.9 “Хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт” гэдэгт даатгуулагч буюу даатгагдсан этгээд гэнэтийн ослын улмаас эрүүл мэндээр хохирон, эмч нарын зөвөлгөөнөөр хөдөлмөрийн чадвар алдалт нөхөн сэргээгдэхгүй гэдэг нь тогтоогдож зэрэглэл тогтоосон нөхцлийг;
2.10 “Яаралтай нүүлгэн шилжүүлэлт” гэж тухайн даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн үед эмчийн зааварчилгаагаар яаралтай эмнэлэгт шилжүүүлэх;
2.11 “Эмнэлэг эмчилгээ” гэж даатгалын гэрээнд заасан эрсдэл учирч даатгалын тохиолдол үүссэн үед даатгагдагчид зайлшгүй хийгдсэн эмчилгээг;
2.12 “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэж давагдашгүй хүчин зүйл, эсвэл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээг хүчин төгөлдөр болгох, гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлүүд байна.
2.13 “Ноцтой нөхцөл байдал” гэж даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох нөхцөл байдал буюу даатгалын зүйлд эрсдлийн үнэлгээг дахин хийх шаардлагатай нөхцөл байдал;
ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ
3.1 Даатгагдсан автомашины албан журмын даатгалын гэрээнд нэр заагдсан жолоочийн амь нас, эрүүл мэнд байна.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
4.1 Даатгагдсан автомашин зам тээврийн осолд орсны улмаас даатгуулагч жолоочийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах.
ТАВДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ
5.1 Энэхүү гэрээний 4-р зүйлд заасан эрсдэлийн улмаас хохирол учирсан бол даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ.
5.2 Даатгалын зүйлд хохирол учруулсан анхдагч шалтгааныг даатгалын зүйлд хохирол учруулсан эрсдэл гэж үзнэ.
5.3 Аливаа том хэмжээний даатгалын тохиолдол бүрдсэн үед (аливаа томоохон хэмжээний ослын үед) талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллуулах ба комиссын бүрэлдэхүүнд даатгалын мэргэжилтэн, инженер-техникийн мэргэжилтэн, даатгуулагч түүний төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
5.4 Гэрээний 5.3-д заасны дагуу томилогдсон комисс нь даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган шинжлэн судалж, хохирлын шалтгааныг тогтоосон актыг үйлдэнэ.
ЗУРГАДУГААР ЗҮЙЛ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ
6.1 Гэрээнд заасан даатгалын үнэлгээ нь даатгагч болон даатгуулагчийн харилцан тохиролцсон үнэлгээ байх бөгөөд энэхүү үнэлгээ нь нөхөн төлбөрийн дээд хязгаар байна.
6.2 Даатгалын хугацаанд даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ гэрээний үлдэх хугацаанд нөхөн төлбөр авсан хэмжээгээр буурах бөгөөд зохих хураамжийг төлсний үндсэн дээр даатгалын үнэлгээг дахин сэргээж болно.
6.3 Хэрэв талууд хураамжийг нэг удаагийн төлөлтөөр буюу бүтнээр төлөхөөр тохиролцсон бол даатгуулагч нь хураамжийн зарим хэсгийг төлсөн байхыг даатгалын хураамж төлөгдөөгүйтэй адилтган үзнэ.
ДОЛООДУГААР ЗҮЙЛ. ХУГАЦАА
7.1 Энэхүү гэрээний хугацаа нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд заасан хугацаа байх бөгөөд 1 /нэг/ жилээс хэтрэхгүй байна.
7.2 Даатгуулагч даатгалын хураамжийг төлснөөр даатгал хүчин төгөлдөр болж, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгоогүй бол гэрээнд заасан хугацаа хүртэл үргэлжилнэ.
НАЙМДУГААР ЗҮЙЛ. НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ
8.1 Даатгалын эрсдэлийн улмаас жолооч түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдвал эмнэлэгт хэвтсэн, амбулатори, гэрээр эмчлүүлсэн хугацаанаас хамааруулан дараах хувиар даатгалын үнэлгээнээс тооцон нөхөн төлбөрийг олгоно. Олгох нөхөн төлбөрт эмнэлэг, эмчилгээний зардал хамаарахгүй болно.
Хөдөлмөрийн чадвар түр алдалтын хугацаа (ажлын өдрөөр тооцно | Олгох нөхөн төлбөрийн хэмжээ (даатгалын үнэлгээнээс тооцно) |
---|---|
1-15 | 0,7 (өдрийн) |
16-30 | 15% |
31-45 | 20% |
46-60 | 25% |
61-75 | 30% |
76-90 | 35% |
91-182 | 40% |
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь | Олгох нөхөн төлбөрийн хэмжээ |
З0% хүртэл | 50% |
З1%-50% | 60% |
51%-70% | 70% |
71%-аас дээш | 80% |
Нас барах | 100% |
8.2 Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
8.3 Даатгалын тохиолдолтой холбоотой маргааныг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлэж буй тохиолдолд гэрээний 8.2-д заасан хугацааг баримтлахгүй ба эрх бүхий байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
8.4 Даатгагчаас даатгалын баримтыг бүрэн гүйцэд хүлээж авсан боловч даатгалын тохиолдлыг шалгах зорилгоор даатгуулагч болон холбогдох иргэн, хуулийн өдрөөр сунгаж, энэ талаар даатгагчид мэдэгдэнэ.
8.5 Талууд тодорхой нөхцөл болзол биелэгдсэн тохиолдолд даатгалын үнэлгээний тодорхой хувиар тооцох, эсвэл даатгуулагч, даатгагдагчаас гарсан зардлаар тооцон нөхөн төлбөр олгохоор тохиролцож болно.
8.6 Зам тээврийн ослын улмаас жолоо барьж явсан жолоочийн эрүүл мэнд, амь настай холбоотой хохирлыг даатгагч хариуцах бөгөөд бусад жолооч, зорчигчид учрах хохирол энэ гэрээнд хамаарахгүй болно.
ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭХ
9.1 Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсноос хойш 60 хоногийн дотор нөхөн төлбөрийн баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.
9.2 Даатгуулагч нь нөхөн төлбөрийг нэхэмжлэхдээ дараах баримтуудыг бүрдүүлэн өгнө:
9.2.1 Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл (хувь хүн), хуулийн этгээдийн албан бичиг
9.2.2 Даатгалын зүйлд эрсдэл учрах болсон шалтгааныг тогтоосон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр
9.2.3 Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, амбулаторийн карт*;
9.2.4 Эмнэлгийн хуудас олгогдохгүй даатгуулагчийн хувьд эмнэлгийн тамгатай магадлагаа, амбулаторийн карт*, рентген зураг;
9.2.5 Эмчилгээний зардлын баримт (Е-баримт)
Хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт;
9.2.6 Даатгагчаас шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал;
9.3 Хэрэв гэрээний 9.2.2-т заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолтыг гаргахад хугацаа шаардлагатай бол уг тодорхойлолт гаргаснаас хойш 9.1-д заасан хугацаа тоологдож эхэлнэ.
АРАВДУГААР ЗҮЙЛ. ШААРДАХ ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ
10.1 Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7-д тус тус заасныг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
10.2 Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.
10.3 Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжилнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ
11.1 ДААТГАГЧИЙН ЭРХ
11.1.1 Даатгалын тохиолдол бий болоход хүргэсэн шалтгаан, нөхцөлийг судлах, учирсан хохирлыг газар дээр нь шалгасан, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан акт, хохирлын хэмжээг тогтоосон баримттай танилцах, шаардах;
11.1.2 Даатгалын зүйлийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалтай шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж танилцах;
11.1.3 Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;
11.1.4 Даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн, даатгалын зүйлд даатгалын эрсдэл тохиолдох боломж энэхүү гэрээг байгуулах үеэс нэмэгдсэн, ийнхүү нэмэгдэх нөхцөл орчин бүрдсэн тохиолдолд даатгалын хураамжийн хувь хэмжээг нэмэх эрхтэй.
11.1.5 Даатгалын тохиолдлын шалтгаан нөхцөлийг тогтоох, ирүүлсэн баримтын хүчин төгөлдөр байдлыг тодруулах зэрэг шаардлагаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хандах, мэдээлэл гаргуулж авах.
11.2 ДААТГАГЧИЙН ҮҮРЭГ
11.2.1 Даатгалын тохиолдол бий болсныг даатгуулагчаас нэн даруй мэдэгдсэн үед газар дээр нь очиж тохиолдол үүссэн шалтгаан, учирсан хохирлын хэмжээг тогтооход оролцох, оролцох боломжгүй нөхцөлд даатгалын тохиолдол бий болоход хүргэсэн шалтгааныг тогтоох, баримтжуулах талаар зөвлөгөө өгч, тэмдэглэл хөтөлж, нөхөн төлбөр төлбөрийн баримт материалыг бүрэн гүйцэд хүлээн авах;
11.2.2 Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;
11.2.3 Нөхөн төлбөр олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэх;
11.2.4 Хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх;
11.2.5 Тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгуулагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах;
11.2.6 Даатгуулагч татан буугдсан, дампуурсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх
11.3 ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ
11.3.1 Даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;
11.3.2 Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;
11.3.3 Даатгалын нөхцөл, үнэлгээ, хураамжийн хувь хэмжээний талаарх мэдээлэл, нэмэлт тодруулга шаардах;
11.3.4 Даатгуулагч даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагаар акт тогтоолгох;
11.3.5 Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах;
11.3.6 Даатгалын гэрээтэй холбоотой тайлбар ,зөвлөгөө авах;
11.4 ДААТГУУЛАГЧИЙН ҮҮРЭГ
11.4.1 Даатгалын хураамжийг энэхүү гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр даатгагчид төлөх;
11.4.2 Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд энэ тухай даатгагчид 30 хоногийн дотор мэдэгдэх;
11.4.3 Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материал, даатгалын тохиолдол бий болсон үед энэхүү гэрээнд тусгагдсан баримт, материалыг өөрийн зардлаар үнэн зөв бүрдүүлэн, даатгагчид гаргаж өгөх;
11.4.4 Даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах;
11.4.5 Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид (шуурхай албаны 99054800, 70004800, иймэл, албан бичиг зэрэг боломжтой арга хэлбэрээр) нэн даруй (хамгийн ойрын боломжит хугацаанд буюу тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч 12 цаг хүртэл хугацаанд) мэдэгдэж даатгагч ослын газарт ирэх хүртэл даатгалын зүйлийг ослын үеийн байдлаар хадгалах эсхүл баримтжуулах;
11.4.6 Даатгалын тохиолдлын шалтгааныг тогтооход даатгагчийг оролцуулах, даатгагч оролцох боломжгүй нөхцөлд түүний өгсөн заавар зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч даатгалын тохиолдлыг баримтжуулах;
11.4.7 Даатгалын тохиолдол бий болсон үед энэхүү гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгагчид бүрэн гүйцэд, хууль зүйн дагуу бүрдүүлэн, даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор хүлээлгэн өгөх;
11.4.8 Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал,
түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон нөхцөл байдал болон даатгалын тохиолдол бий болох таагүй нөхцөл орчин бүрдсэн тухай даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
11.4.9 Даатгуулагч хариуцлагын даатгалтай бол өөрийн гэм бурууг даатгагч, хөндлөнгийн эрх бүхий этгээдээр тогтоолгох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэхгүйгээр бусдын өмнө хариуцлага хүлээхгүй.
АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ, ЦУЦЛАХ
12.1 Дараах тохиолдолд гэрээг дуусгавар болсон гэж үзнэ.
12.1.1 Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;
12.1.2 Даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан;
12.1.3 Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;
12.1.4 Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон;
12.1.5 Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
12.1.6 Даатгалын зүйл даатгалын тохиолдлоос бусад шалтгаанаар устаж үгүй болсон;
12.1.7 Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ цуцлагдсан эсхүл дуусгавар болсон;
12.2 Гэрээний аль нэг тал нь гэрээг дуусгавар болгохоор бол нөгөө талдаа албан ёсны хаягаар 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд уг хугацаанд гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг хүлээн авсан тал хариу өгөөгүй эсхүл гэрээ дуусгавар болохыг зөвшөөрсөн бол гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож даатгагч нь даатгалын хураамжаас гэрээ үйлчилж байсан хугацаанд ногдох хураамж болон үйлчилгээний төлбөрийг хасч тооцон даатгуулагчид үлдсэн хэсгийг 100 хувь эргүүлэн олгоно.
12.3 Хэрэв даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч нь нөхөн төлбөр авсан эсвэл гэрээ байгуулснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн бол даатгагч нь 12.2-т заасан хураамжийн буцаалт хийхгүй. Энэ заалт нь хураамж төлсөн тохиолдолд үйлчилнэ.
12.4 Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн болон даатгуулагч нь 11.4.8-д заасны дагуу гэрээ цуцалж болох ноцтой нөхцөл байдлын талаар мэдээлээгүй бол даатгагчаас гэрээг цуцалж, хураамжийн буцаалт хийхгүй.
12.5 Даатгалын тохиолдол бий болсноос хойш даатгагч гэрээ цуцлахаар мэдэгдсэн бөгөөд даатгуулагч ноцтой нөхцөл байдлын талаар заавал мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгалын тохиолдол бий болох болон даатгагчаас үүргээ биелүүлэхэд нөлөөлөөгүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.
АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ. НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ
Бид доорх тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана. Үүнд:
13.1 Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл бүрдсэн;
13.2 Даатгалын гэрээнд заагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
13.3 Даатгуулагчид хохирол учирсан талаар даатгагч болон эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэн шалгуулаагүй болон бусад шалтгаанаар хохирол учирсан шалтгаан тогтоогдоогүй, тодорхой бус байх;
13.4 Нөхөн төлбөрийн баримтуудыг даатгагчид хүлээлгэж өгөх энэхүү гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон;
13.5 Даатгуулагч согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үед учирсан хохирол;
13.6 Даатгуулагч гэмт хэрэг үйлдэх үед болон санаатайгаар өөрийн биед учруулсан хохирол;
13.7 Мэргэжлийн спортын уралдаан тэмцээн, усанд шумбах, бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсоны улмаас үүссэн осол гэмтэл;
13.8 Ан ав хийх үед учирсан хохирол;
13.9 Төрөлт, зулбалт, үр хөндөлт зэрэг жирэмслэлттэй холбоотой хохирол;
13.10 Даатгуулахаас өмнөх нөхцөл байдал, ердийн өвчин, архаг хууч өвчин, сэтгэл санааны сааталт, мэдрэлийн өвчин, цус харвах, унах татах өвчинтэй холбоотой хохирол;
13.11 Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнөх ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
13.12 Дайн, дайн бүхий байдал, зэвсэгт бослого, байлдааны зэвсэг хэрэглэх, үймээн самуун, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр, цацраг идэвхит бодис буюу туяаны хордлого, цөмийн дэлбэрэлт, улс төрийн тэмцэл зэрэгтэй холбоотой хохирол;
13.13 Салют, пуужин, хонгио, сум, дарь, нитроглицерин, шахаж савласан хийх, агаар, бутан, метан, бусад шингэн хий болон бусад тэсрэх, шатамтхай бодисний хэрэглээ, ашиглалт, тээвэрлэлттэй холбоотой учирсан хохирол;
13.14 Тухайн автомашиныг жолоодох эрхгүй буюу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд нэр заагдаагүй жолоочид учирсан хохирол; эсхүл жолооны үнэмлэхний хугацааа дуусгавар болсон.
13.15 Тухайн автомашины жолоочийн суудлаас бусад суудалд учирсан аливаа хохирол хамаарахгүй;
13.16 Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг цуцалсан эсхүл гэрээний хугацаа дуусгавар болсон үед учирсан аливаа хохирол
13.17 Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. БУСАД
14.1 Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжид заагдсан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ
14.2 Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт өөрчлөлтийг энэхүү гэрээнд зөвхөн бичгээр оруулж гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөрт тооцно.
14.3 Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Монгол улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.
ДААТГАЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕД ЯАРАЛТАЙ АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
•Даатгагчийн Шуурхай Албанд яаралтай мэдэгдэх, Шуурхай албаны 9905-4800, 7000-4800 утасны дугааруудаар даатгагчид мэдэгдэх. Даатгагчийн шуурхай алба нь таны дуудлагыг 7 хоногийн 24 цагаар хүлээн авах боломжтой.
•Холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх (замын цагдаа 102, онцгой байдал 105, түргэн тусламж 103, болон бусад холбогдох мэргэжлийн байгуулагууд),
•Хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээг авах.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, НӨХӨН ТӨЛБӨРИЙН ГАЗАР
Хаяг:14250 Улаанбаотар хот, Сүхбаатар дүүрэг, V xopoo,
Үндсэн хуулийн гудамж 4/2, Таван өндөр төв, 2-р хэсэг
Утас: 7000 4800
И-мэйл:claim@bodi-insurance.com
Вэб: www.bodi-insurance.com
Даатгуулагч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах хэрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хариуцлагыг даатгагч хариуцахгүй болно!
Энэхүү даатгалын гэрээ нь зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан бөгөөд “Бодь Даатгал”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хувилах, тараах, түгээх, нийтийн хүртээл болгох, ашиглахыг хориглоно